Дэлхий
Туркменистаны засгийн газар Талибанчуудтай яриа хэлэлцээ хийж эхэлжээ
Талибан хөдөлгөөний төлөөлөгчид долдугаар сарын 10-ны өдөр Туркменистаны нийслэл Ашгабат хотод зочилж, тус улсын гадаад хэргийн яамтай яриа хэлэлцээ хийсэн байна.
Төлөөлөгчид Туркмений талын урилгаар зочлохдоо “хоёр улсын эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хил хязгаарын асуудлаар ярилцсан” тухай Талибаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
“Туркмений албаныхан энэ уулзалтын талаар нууцлахыг Талибаны талаас хүссэн. Тэд Кабулын засгийн газартай зөрчилдөхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн. Яриа хэлэлцээний гол сэдэв нь Туркменистаны нутаг дэвсгэрт халдахгүй байх, дүрвэгчдийн болзошгүй урсгалыг хаах тухай байв” гэж нэрээ нууцалсан Талибаны албаны эх сурвалж мэдээлжээ.
Харин Туркменистаны тал уг уулзалтын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Сүүлийн өдрүүдэд Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны умард бүс нутгуудад байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж, Кабулын засгийн газрын хяналтаас олон муж, дүүргийг салгаад байгаа.
Үүнтэй холбогдуулан Туркменистан улс Афганистаны хил дээрх цэргийн хүчээ зузаатгаж, армийн бэлтгэл хүчийг бэлэн байдалд шилжүүлж, бүртгэлийг нь шинэчилж эхэлжээ.
Тус улс Афганистантай 800 орчим километр хуурай газрын зурвасаар хиллэдэг. Сүүлийн үед Туркменистан, Узбекистан, Тажикистан улсуудын хилээр Афганистаны армийн цэрэг, цагдаа нар дүрвэж ирэх нь нэмэгдсэн гэх мэдээлэл бий.
Долдугаар сарын 5-нд Тажикистаны хилээр Афганистаны засгийн газрын 1,000 гаруй цэрэг дүрвэж ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт тус улс Афганистаны хил рүү 20,000 цэрэг нэмж илгээхээр болсноо зарласан байна.
20 орчим жил Афганистанд байрласан АНУ тэргүүтэй холбоотнууд цэргээ гаргаж эхэлснээр исламын суурь үзэлтэй Талибан хөдөлгөөний байлдааны ажиллагаа эрчимжиж, Афганистаны нутаг дэвсгэрийн 85 хувийг хяналтаа оруулснаа мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Radio Free Europe