Нийгэм
ГЕГ: Хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй тул нуух шаардлагагүй
Цахим орчинд улс хоорондын хилээр эм нууж нэвтрүүлэхийг завдсан иргэний бичлэг түгсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө.
Зорчигч өөрийн хэрэгцээнд зориулан Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр авч яваа эмийг “Зорчигчийн хувийн хэрэглээний эм” гэдэг. Зорчигчийн хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй. Мөн хувийн хэрэглээний эмд яаралтай тусламж (7 хоног)-ийн эм болон удаан хугацаагаар нөхөх эмчилгээ шаардах (чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг) өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эм багтах бөгөөд эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.
Харин судсаар сэлбэх шингэн, антибиотик тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэх дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг хувийн зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.
Зорчигч зөвшөөрсөн хувийн хэрэгцээний эмийг нууж тугалган цаасанд боох, шүүс, ундааны саванд хийх шаардлагагүй бөгөөд хил, гаалийн хяналт шалгалтын рентген тоног төхөөрөмж нь нуусан барааг бүрэн илрүүлэх боломжтой. Нуусан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.