Дэлхий
Ромын Пап нутгийн уугуул иргэдээс уучлал гуйх зорилгоор Канадад айлчилна
Канадын нутгийн уугуул иргэдийн олон мянган хүүхэд Католик шашны сургуулиудад зовж тарчилж, амиа алдсан тухай түүхийн баримт сүүлийн үед сөхөгдөх болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Ромын Католик сүм хийдийн тэргүүн Пап ламыг Канадын уугуул иргэдээс уучлал гуйхыг шаардах явдал эрчимжсэн юм.
Тэгвэл Лхагва гарагт Ромын Пап лам Канадын Католик Шашны байгууллагын урилгыг хүлээн авсан тухай Ватиканаас мэдээлжээ.
Тов нь тодорхой болоогүй байгаа айлчлалын үеэр Пап лам нутгийн уугуул овог аймгийн удирдагчдаас уучлал гуйж, Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой уулзах төлөвтэй байна.
Сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд Канадын засгийн газрын уусгах бодлогын хүрээнд 150,000 орчим хүүхдийг нутгийн уугуул айл өрхүүдээс салгаж, ихэвчлэн Католик шашны сургуулиудад албадан сургаж байжээ.
Хүүхдүүдийг хүчээр загалмайн шашинд оруулж, эх хэлээрээ ярихыг нь хориглож байсан гэдэг. Хамгийн сүүлийн ийм сургууль 1990-ээд оны үед хаагдаж байжээ.
Канад даяар ажиллаж байсан 139 сургуулийн дөрөвний гурав орчмыг Ромын Католик шашны сүм хийдүүд удирддаг байсан юм.
Үлдсэн сургуулиудыг загалмайн шашны бусад урсгал номлолын сүмүүд удирдаж байжээ.
Канадын засгийн газар нутгийн уугуул иргэдийн эсрэг хатуу харгис бодлого явуулж байсныхаа төлөө 2008 онд албан ёсоор уучлал гуйж байв. Католикоос бусад бүх сүм хийдүүд мөн энэ үеэр уучлал гуйсан юм.
Энэ он гарсаар хуучин шашны сургууль байсан газруудаас нийт 1,300 орчим нэр хаяггүй хүүхдийн булш илрүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор бухимдсан уугуул иргэд энэ оны долдугаар сард өөрсдийн газар нутагт байрладаг Католик шашны дөрвөн сүмийг шатааж, олон арван сүмийг эвдэн сүйтгэсэн юм.
Эх сурвалж: The Guardian