Дэлхий
Алтан навчинд ороосон мах зооглосон сайд Вьетнамчуудыг бухимдуулав
Вьетнамын засгийн газрын сайд Лондон хотын тансаг ресторанд алтан навчинд ороосон мах зооглож байгааг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөд таржээ.
Уг дүрс бичлэг цар тахлын хямралд нэрвэгдсэн Вьетнамын иргэдийн уур хилэнг бадраасан байна. Дүрс бичлэгт гарсан То Лам нь тус улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд юм.
Тэрбээр Лондон хотын Найтсбриж чинээлэг дүүрэг дэх Nusr-Et Steakhouse ресторанд зоог барьжээ.
Salt Bae нэрээр олон улсад алдаршиж, Инстаграм сүлжээнд 40 сая дагагчтай болсон Турк тогооч уг рестораныг ажиллуулдаг бөгөөд 24 каратын алтан навчинд ороосон стейк нь $1,000-аас дээш үнэ хүрдэг гэнэ.
Энд Дэвид Бэкхэм, Леонардо Ди Каприо, Наоми Кэмпбэл зэрэг одууд үйлчлүүлж байжээ.
64 настай сайдын үйлчлүүлж байгааг харуулсан дүрс бичлэгийг ресторан Баасан гарагт өөрийн хуудсанд эхлээд байршуулснаа дараа нь устгасан байна. Харин хуулбар нь сүүлд Вьетнамын сошиал ертөнцөд таржээ.
Вьетнамчууд цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралд улс орон нь нэрвэгдсэн хүнд цаг үед засгийн газрын сайд гадаадад тансаглаж явааг хурцаар шүүмжилцгээсэн байна.
Албаны тоо баримтаас харвал 2020 оны байдлаар Вьетнамын дундаж иргэний сарын орлого $184 орчим байжээ.
Лам сайд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулган COP26-д оролцохоор Их Британид очоод байсан юм. Тэрбээр Вьетнамын төрийн дээд байгууллага болох улс төрийн товчооны 18 гишүүний нэг, 2016 оноос хойш нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар ажиллаж байгаа гэнэ.
Гурван жилийн өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро дээрх рестораны Турк дэх салбарт үйлчлүүлснийхээ төлөө хүчтэй шүүмжлүүлж байжээ.