Эдийн засаг
Монголын банкны холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хүртлээ
Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит ХVI чуулган 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Жил бүрийн 12 дугаар сард болдог энэхүү чуулганы үеэр Монголын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай.
Хоёр жилийн турш үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас энэхүү үйл ажиллагаа өнгөрсөн жил цахимаар зохион байгуулагдсан бол энэ удаад уламжлалын дагуу биет байдлаар төлөөлөгчид хуран чууллаа.
Чуулган нь МБХ-ны эрх барих дээд бүтэц бөгөөд МБХ-ны удирдлагын багийн бүрэн эрхийг баталгаажуулдаг. Энэ жилийн хувьд, МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ болон Дэд Ерөнхийлөгч Норихико Като нарын бүрэн эрхийн хугацааг хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дахин нэг жилээр сунгаж, баталгаажуулав.
МБХ-ны XVI чуулганы дараа үргэлжлүүлэн Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Банкны салбарын хүндэтгэлийн хүлээн авалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
МБХ нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлж, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк, санхүүгийн салбарын удирдах ажилтныг тодруулан МБХ-ны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулж эхэлсэн билээ.
Энэ жил, МБХ-ны Дээд шагналын эзнээр МБХ-ны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катог тодруулж, Монголын банк, санхүүгийн салбарын хөгжилд манлайлан оролцсон хувь нэмрийг нь өндрөөр үнэллээ. Норихико Като нь ажлын гараагаа The Bank of Tokyo буюу одоогийн MUFG банкнаас эхэлж, Токио, Нью-Йорк, Амстердам, Бахрейн дахь салбаруудад удирдлагын бүх шатанд, 2009-2016 онд Хаан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирал, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, 2016-2019 онд Камбож дахь Sathapana банкны Гүйцэтгэх захирал, 2019 оноос өнөөг хүртэл Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж, одоо МБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй бөгөөд банкны салбарт 35 гаруй жил ажиллажээ.
Мөн өнгөрсөн жил “Хаш Эрдэнийн Одон”-гийн эзнээр тодорсон Монголбанкны Ерөнхийлөгч асан, МБХ-ны Гүйцэтгэх захирал асан, Голомт банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үнэнбатад шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр нөхөн гардуулав.
Ёслолын үеэр мөн төрийн дээд одон медаль, шагнал гардуулах үйл ажиллагаа болж, МБХ-ны Ахлах менежер Л.Отгон-Аюуш, МБХ-ны Хуульчдын мэргэжлийн зөвлөлийн дарга, Хас банкны Хуулийн хэлтсийн захирал Э.Мөнх-Эрдэнэ нарт “Хөдөлмөрийн хүндэт медаль”, МБХ-ны Хуулийн зөвлөх З.Шагдарсүрэнд “Алтан гадас одон”-г гардууллаа.
Банкны салбарын шилдгийн шилдгүүдийг тодорхойлох 9 дэх удаагийн “Шилдэг банкир” шагналыг уламжлал ёсоор олгож, дараах банкируудад олгов;
Голомт банкны Зээлийн газрын захирал М.Наранхүү,
Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан Дэд захирал Г.Энхтамир,
Хас банкны Байгууллагын банк хариуцсан захирал Б.Еркин,
Хаан банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ж.Товуудорж,
Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирал Т.Батжаргал,
Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Баттулга,
Ариг банкны Дотоод хяналтын газрын захирал Ц.Дамдинсүрэн,
Монгол Улсын хөгжлийн банкны Активын бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал, А.Хүчитбаатар.
Үргэлжлүүлэн Монголбанк, Тогтвортой санхүүгийн холбооноос хамтран тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй банканд олгодог “Онцлох ТоС банк” шагналыг Худалдаа, хөгжлийн банканд, “Шилдэг ТоС Банк” шагналыг Хаан банканд гардууллаа. Мөн БСА-ийн нэрэмжит 2021 оны “Шилдэг сургагч багш” шагналыг “ЭнПиСи Энд Мандал ХХК”-ийн Гүйцэтгэх захирал, Мэргэжлийн сэтгэл судлаач, зөвлөх Ц.Энхжаргалд гардуулав. Мөн Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан МБХ-ны Маркетингийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Төрийн банкны Маркетингийн ахлах мэргэжилтэн Э.Учралд “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардууллаа.
Түүнчлэн, МБХ-ны үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, банкны салбарын хөгжил, манлайлалд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан дараах хүмүүст МБХ-ны нэрэмжит Талархал гардууллаа;
Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш,
Монголбанкны Олон нийт, санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг,
Төрийн банкны Даатгалын хэлтсийн захирал, МБХ-ны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн дарга А.Идрээ,
Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал, МБХ-ны Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Сайнбилэг,
Хаан банкны Хүний нөөц хариуцсан Дэд захирал, МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн дарга Ш.Ганбямба,
Үнэт цаасны санхүүжилтийн корпорацын Гүйцэтгэх захирал М.Энхтөр,
Голомт банкны Гүйцэтгэх захирлын шадар туслах, орчуулагч А.Энххүслэн,
МБХ-ны нийт гишүүн байгууллагууддаа болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэхийн ялдамд, ирж буй ондоо бидний хамтын ажиллагаа улам дэвжихийн ерөөлийг өргөе.