Энтертайнмент
BTS хамтлагийн гишүүд коронавирусийн халдвар авчээ
БНСУ-ын алдарт хамтлаг BTS-ын гурван гишүүн Ковид-19-ийн халдвар авсан болохыг BIGHIT Music компаниас мэдэгджээ. Хамтлагийн гишүүд хоёр жилийн дараа хийсэн АНУ дахь анхны аялан тоглолтоосоо эх орондоо эргэж ирээд удаагүй байгаа юм.
Тус хамтлагийн гишүүн Суга өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ковид-ын шинжилгээнд хамрагдсан байна. Баасан гарагийн өглөө Сугагийн коронавирусийн PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрээр шинжилгээ өгснийхөө дараа тусгаарлагдсан бөгөөд бусад гишүүдтэй хавьтал болоогүй гэж BIGHIT Music мэдээлсэн байна.
Удалгүй буюу өнгөрсөн бямба гарагт хамтлагийн бусад гишүүд болох Жин, RM-ын шинжилгээний хариу эерэг гарчээ. Жин 12 дугаар сарын 6-ны өдөр АНУ-аас ирсэн даруйдаа тусгаарлагдаж, PCR шинжилгээнд хоёр ч удаа хамрагдахад сөрөг хариу гарсан байна. Одоогоор Жинд ханиадтай төстэй хөнгөн шинж тэмдэг илрээд байгаа аж. Харин Сугад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул гэртээ эмчлүүлэхээр болжээ.
Хамтлагийн залуус бүгд Ковид-ын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан. Өмнөд Солонгосын Засгийн газар гаднаас ирж буй иргэдийг 10 хоногийн хугацаанд тусгаарлаж, тусгаарлах хугацаанд PCR шинжилгээг хоёр удаа авч, вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байхыг шаардаж байгаа юм.