Эдийн засаг

Эрээнээс өдөрт 70 чингэлэг нэвтрүүлж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсэг экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Дэд ажлын хэсэг байгуулагдан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд боомтод ажиллаж байгаа.

Харин энэ сарын 11-ний өдрөөс хилийн шугам дээр чингэлэг солилцох ажлыг эхлүүлсэн юм. Хилийн шугамын чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд сумын Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг Засгийн газраас зардлыг хариуцан гүйцэтгүүлж буй.

Ингэхдээ 50 тээврийн хэрэгсэл түрээслэн, хүчний байгууллагын 50 жолоочоор гүйцэтгүүлж байгаа ажээ. Энэхүү ажлыг улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэгч “Их говь транс ложистик” компаниас 37, “Говийн хан транс” компаниас хоёр, “Монголын эрчит чингэлэг тээвэр” компаниас 11, нийт 50 тээврийн хэрэгсэл түрээслэн, Хил хамгаалах ерөнхий газар болон Зэвсэгт хүчнээс тус бүр 25 жолооч, нийт 50 ахлах жолоочийг тусгаарласан байна.Тэдгээр жолоочидтой хариуцлагын гэрээ байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгүүлж байгаа аж. Тээвэрлэлтийг эхлүүлснээс хойш 17-ны өдрийн байдлаар 20 футын 203 чингэлэг, 40 футын 166 чингэлэг, нийт 369 чингэлгээр 6000 мянган тонн ачаа татан авсан байна.

Тээвэрлэлтийг эхлүүлснээс хойш өдөрт 24-25 чингэлгийг нэвтрүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 65-69 чингэлгийг нэвтрүүлдэг болжээ. Ингээд үзвэл сүүлийн 4-5 хоногт өдөрт нэвтрүүлж буй чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тээвэрлэлтийн тоог нэмэхийн тулд Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Тус шаардлагад манай улсын төлөөс халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, тусгай горимд шилжүүлж, ачаа бараагаа тэг цэг дээр чингэлгээр солилцох саналыг өгсөн байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг Зам тээврийн хөгжийн яамны

Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга  Тэрбээр “Ачаа тээвэрлэлт, нэвтрүүлэлт тогтворжих горимдоо орох хүлээлт үүсгээд байна. Хэл ам ихээр дагуулдаг үнийг зохицуулахын тулд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авсан. Энэ нь юу вэ гэвэл хилийн тэг цэгээс логистикийн төв буюу гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэлтийн гурван км бий. Энэ хэсэгт хэл ам их гардаг байлаа. Компаниуд орох, тээвэрчид орох ёстой гэх хандлагыг гаргаж, дуртай үнээ хэлэн, үнийг хөөрөгддөг байв. Уг асуудлыг байхгүй болгохын тулд Батлан хамгаалахын яамнаас мэргэшсэн жолооч гаргаад, богинын тээвэрлэлтийг тусгай горимын дагуу, хяналтын доор явуулж байна. Ингэснээр хээл хахууль, элдэв янзын ачаа барааг урдуур хойгуур оруулна гэсэн асуудал байхгүй. Эрээн талдаа 9000 орчим чингэлэг хурмтлагдсан байна хэмээн мэдээлэл өгсөн” гэв.

Гэвч бодит нөхцөл байдал дээр тээврийн үнийг 20 саяар өсгөсөн жолоочид байсан. Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус хоёр сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү маргааныг хянан хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор болжээ. Ингээд үзвэл тээвэрчид үнийн хөөрөгдлийг үүсгэж байсан уу гэвэл тийм. Тэр хэрээр зохих ёсны шийтгэлээ ч хүртсэн. Харин бүхий л жолоочдын хувьд ийм асуудал үүсгээгүй. Нэг хэсэг хүмүүсээс болж өөр нэгэн хэсэг хохирч болохгүй юм. Хил хаасан тухайн үеийн нөхцөл байдлаас улбаалж нэг куб ачаа 3000 юаньд хүрсэн талаар тээврийн жолоочид ярьж байсан.

Замын-Үүдээс Улаанбаатар руу, орон нутаг руу тээвэрлэлт хийх үнийн дүн хоёр сая хүртэлх төгрөг болж, 1-3 сая төгрөгөөр буурсан гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгсөн юм. Өмнө нь тээвэрлэлтийн үнэ 3-5 сая байсан ажээ. 

Бодит нөхцөл байдалд тээврийн зардлын үнийг жолоочид тогтоох боломжгүй байдаг талаар тээвэрчдийн төлөөлөл хэлсэн юм.

Тээврийн зардлын үнийг Эрээн, Өвөр Монголоос тогтоосон үнийг л бид дагаж байна. Өмнө нь тогтсон ханштай байсан бол өнөөдөр тогтсон ханшгүй. Нэрээ нууцалсан тэрбээр “Бидний бухимдаж байгаа хамгийн гол асуудал бол 50 жолоочийг хилийн тэг цэг хүртэл тээвэр логистикийн талбайд хүргэнэ.Ингээд 50 жолоочийг тусгаарлана гэж байгаа юм. Гэтэл тээвэр хийдэг 6000 гаруй жолооч яах вэ. Зөвхөн бэлтгэгдсэн жолооч нарыг оруулна гэж буй нь бидний эрх ашгийг хөндөж байгаа юм. Төр жолоочдын ар гэрийг огт хайхрахгүй байна” гэсэн юм.

Мөн тээвэрчид болон иргэдийн зүгээс чингэлгээр орж ирж буй ачаа тээвэрт авлигал гаарсан хэмээн үзэж байгаа.

Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын хэлтсийн дарга Б.Ууганбаяр “Ачаа тээвэртэй холбоотой авлигын талаарх санал гомдол иргэн болон хуулийн этгээдээс ирээгүй. Хилийн тэг цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг улсаас дааж байгаа. Үүнд авлигал өгч, ачаа бараагаа урагшлуулах боломжгүй” гэлээ. Ачаа барааны эрэмбийг урагшлуулах эрхтэй ганцхан арга нь стратегийн ач холбогдолтой эм, эмийн бүтээгдэхүүн гэх мэт хүний амь настай холбоотой бараа бүтээгдэхүүнийг холбогдох яамны зөвшөөрөл буюу албан бичигтэй бол эрэмбийн урдуур оруулдаг аж. Мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтууд хязгаарлагдмал байгаа учраас ОХУ-аас дамжин ирж буй ачаа бараа нэмэгдэх төлөв, хандлагатай байгаа юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version