Дэлхий
Камиллаг ирээдүйн хааны хатан болгох хүсэлтээ Их Британийн хатан хаан илэрхийлжээ
Их Британийн хатан хаан Элизабет хаан ширээнд заларсныхаа 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн мэдэгдэлдээ ирээдүйн хааны хатныг зарлажээ.
Түүнийг хүү Чарльз нь залгамжилж Их Британийн дараагийн хаан болох ёстой юм. Тэгвэл ирээдүйн хааны хатнаар Чарльзын гэргий, Корнволлын гүнгийн ахайтан Камиллаг өргөмжлөх хүслээ хатан хаан ийнхүү илэрхийлсэн байна.
Ингэснээр Чарльзыг хаан ширээнд залрах үед Камилла шууд хатан болох боломж нээгджээ.
Өмнө нь түүнийг хатан болохгүй, харин “хааны гэргий” гэх хэргэмтэй болно гэсэн таамаг яригдаж байсан юм. Хатан хаан Элизабетын талийгаач нөхөр, хунтайж Филип “хатан хааны нөхөр” гэсэн хэргэмтэй байжээ.
“Цаг нь ирэх үед Камиллаг хатан болгох хүслээ би үүгээр илэрхийлж байна” гэж хатан хаан мэдэгдэлдээ бичсэн байна.
Тус тусын гэр бүлээсээ салаад байсан Чарльз, Камилла нар 2005 онд гэрлэж байжээ. Чарльз 1996 онд гүнж Дианагаас салаад байсан юм. Тэднийг салснаас хойш жилийн дараа Диана автын ослоор Парис хотод нас барж байжээ.
Одоо 74 настай Камиллагийн цол хэргэм ирээдүйд ямар байх талаар эргэлзээ ийнхүү арилж байна.
Хатан хаан Элизабет 1952 онд Их Британийн хаан ширээнд заларч байжээ. Тэрбээр хаан ширээнд залраад 70 дахь жилийнхээ ойг үзсэн Британийн анхны ихэс дээдэс болж, түүхэнд бичигдэх юм.
Хаан ширээг залгамжилсны 70 жилийн ой өнөөдөр буюу Ням гарагт тохиож байна.
Эх сурвалж: BBC