Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал тутам олгоно
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ жилээс эхлэн улирал тутам олгохоор болсон байна. Тодруулбал, нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгохоор төлөвлөжээ.
Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн иргэдэд олгохоор шийдвэрлэж, иргэдийн баталгаажсан дансанд шилжүүлж эхэлсэн билээ. Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2019 онд 911 707 иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гарчээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулж дууссан байна.
Б.ЖАРГАЛ