CRI Монгол радио
Ши Жиньпин, Путин нар утсаар ярив
2-р сарын 25-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай утсаар ярив.
Ши Жиньпин юуны түрүүнд Путин ерөнхийлөгч Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсонд талархал илэрхийлээд Оросын тамирчид Өвлийн олимпын медалийн жагсаалтад 2-рт эрэмбэлэгдсэнд баяр хүргэв. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж, олимпын наадамд амжилт гаргасан Хятадын ард түмэнд халуун баяр хүргэв.
Хоёр тал голцуу Украины өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцов.
Путин Украины асуудлаарх түүхэн өнгөрөлт, ОХУ Украины зүүн бүсэд цэргийн үйл ажиллагаа явуулж буй байдал болон байр сууриа танилцуулж, АНУ болон НАТО урт хугацааны турш ОХУ-ын аюулгүй байдлын талаарх зүй ёсны анхаарлыг үл тоомсорлон, амлалтаасаа удаа дараа няцаж, зүүн тийшээ цэргийн өргөтгөл хийж, Оросын стратегийн доод шугамыг давсан юм. Оросын тал Украины талтай дээд хэмжээний хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, ойрын өдрүүдэд Украины зүүн бүсэд байдал хурцдаж, олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн анхаарал хандуулж байна. Хятад улс Украины асуудлын үнэн зөвийг харгалзан өөрийн байр сууриа шийдэх болно. Талууд хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээ орхиж, улс орнуудын аюулгүй байдлын талаарх зүй ёсны анхаарлыг хүндэтгэн үзэж, яриа хэлцлээр тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын механизмыг бий болгох ёстой. Орос, Украины асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг Хятад улс дэмжиж байна. Хятад улс улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтлах үндсэн байр сууриа тууштай баримталсаар ирэсэн юм. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамт нийтлэг, иж бүрэн, хамтран ажиллах, тогтвортой байх аюулгүйн үзэл баримтлалыг санаачилж, НҮБ-аар төв болгосон олон улсын систем болон Олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэг журмыг тууштай хамгаалах болно гэжээ.