Нийгэм
Н.Тогтохсүрэн: Телевизүүдэд хяналт тавьж байна
Олон нийтийн зүгээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр нэвтрүүлж байгаа нь телевиз танин мэдэхүй, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэхгүй үзэгчдийг мэдэх эрхэд халдаж байна гэх гомдол харилцаа холбооны зохицуулах хорооноос ирэх болсон. Үүний дагуу энэ 9-ний өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн телевизээр эд мөнгөний сугалаа хонжвор явуулахыг хориглосон. Уг асуудалд хэрхэн хяналт тавигдах талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэнээс тодрууллаа.
-Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулахыг хориглосон. Тэгвэл үүнд хэрхэн хяналт тавих вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д Зохицуулах хороо радио, телевизийн хөтөлбөрт тавигдах хуульд заасан нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд хяналт, мониторинг хийнэ гэж заасны хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 18 өргөн нэвтрүүлгийн телевиз, арилжааны 46 телевизийн хөтөлбөрт холбогдох үзүүлэлтүүдээр байнгын хяналт тавьж, тайлан мэдээг гарган цахим хуудсаар мэдээлэн ажилладаг. Телевизийн хөтөлбөрийн энэхүү хяналт, мониторингийн хүрээнд телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлсэн эсэхэд хяналт тавьж байна.
-Энэ нь ямар журмаар зохицуулагдах вэ?
-Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй байх, түүнд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах зохицуулалт нь Өргөн нэврүүлгийн тухай хууль болон тус хорооны 2020 оны 89 тоот тогтоолоор батлагдаж, 2022 оны 59 тоот тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-аар зохицуулагдана. Тус телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй. Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй” гэх өөрчлөлтийг нэмсэн.
-Зөрчсөн тохиолдолд ямар эрх зүйн арга хэмжээ тооцох вэ?
-Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомж, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН