Эдийн засаг
Оюутолгойн гүний уурхайн нээлт ӨНӨӨДӨР болно
Оюутолгойн гүний уурхайн нээлт өнөөдөр /2023.03.13/ болно. Үйл явдлыг сурвалжлахаар Монголын хэвлэл мэдээллийн 70 орчим сэтгүүлч, зураглаач газар дээр нь очоод байна.
Тус гүний уурхай ашиглалтад орсноор ямар үр ашиг өгөхийг өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгөх үеэр хэлж байв.
Тэрээр “Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.
Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна” хэмээсэн юм.
ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ТАЛААР ТОВЧ
Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм. Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршино. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай.
Эдгээр хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан доороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга юм.
Блокчлон олборлох техникийг ашиглан газрын гүн дэх хүдрийг олборлон гаргахад шаардлагатай нүсэр бүтцийг бид бүтээн байгуулж байна. 6.1 километр урттай таван босоо амаар нэвтрэлт хийж, газрын гадаргуугаас 1.3 километр гүнд 203 километр урт хонгил барихын зэрэгцээ хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжуудыг барьж байгуулна.
Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд байдаг. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдэх юм. “Оюу толгой”-н менежментийг хариуцагч “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг.