Энтертайнмент
Жүжигчин Жерар Депардьег 13 эмэгтэй бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт буруутгажээ
Алдарт жүжигчин Жерар Депардьег бэлгийн дарамт, хүчирхийлэлд буруутгасан 13 эмэгтэйн мэдүүлгийг Францын Mediapart сайт нийтэлжээ. Жүжигчин Депардье тэдний биед хүрч, дотуур хувцас руу нь гараа хийх гэж оролдсон, мөн зүй бус үг хэлж байсан хэмээн тухайн эмэгтэйчүүд ярьсан байна.
Эдгээр үйлдлийг сүүлийн 20 жилийн хугацаанд кино зураг авалтын үеэр болон олон нийтийн газруудад үйлдсэн гэжээ.
Өмгөөлөгч нь Депардье өөрийнх нь эсрэг эдгээр мэдүүлгүүдийг үгүйсгэж, өөрийгөө буруугүй гэж үзэж буйгаа албан ёсоор илэрхийлсэн гэж мэдэгдсэн байна.
2018 онд залуухан жүжигчин бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан Францын цагдаагийнхан Депардьег хоёр жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Өөрийнх нь эсрэг энэ мэдүүлгийг ч Депардье үгүйсгэж байгаа юм. Харин Францын хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа одоо ч явагдсаар байгаа талаар мэдээлжээ.
Зураг авалтын үеэр хийсэн үйлдлүүддээ Депардье ямар ч хариуцлага хүлээгээгүй, тэр ч бүү хэл эргэн тойрны хүмүүс инээцгээж байсан гэж олон эмэгтэйчүүд Mediapart-д ярьсан байна. Тухайн үед 17 настай байсан нэгэн жүжигчин “Жүжигчин хүмүүсийн нүдэн дээр миний хөхөнд хүрсэн ч хэн нь ч намайг өмөөрөөгүй” гэжээ.
Mediapart-д дээрх мэдээлэл нийтлэгдсэний дараа Парисын прокурорын газар Депардьегийн эсрэг дахиж гомдол ирээгүй гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж: ВВС