CRI Монгол радио
Ши Жиньпин уулзалтыг даргалж илтгэл тавив
Өнөөдөр, 5 сарын 19-нд Шааньши мужийн Ши-Ань хотын Олон улсын хурлын төвд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт болж байна. Уулзалтын эхэнд Хятад улсын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, Төв Азийн тухайд дөрвөн санал дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий ертөнц, цаг үе, түүх урьд өмнө байгаагүй тийм түвшинд өөрчлөгдөж байна. Дэлхий дахинд тогтвортой, цэцэглэн хөгжсөн, эв найрамдалтай, харилцан холбогдсон Төв Ази хэрэгтэй. Төв Азийн улс орнуудын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тухайн орны ард түмний бие дааж сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, бүс нутгийн энх тайван, эв найрамдал, амар амгалангийн төлөөх хүчин чармайлтыг дэмжих ёстой. Ямар ч хүчин Төв Азид үл ойлголцол, сөргөлдөөн үүсгэх эрхгүй бөгөөд улс төрийн хувийн ашиг хөөцөлдөх ёсгүй гэжээ.
Ши Жиньпин , өнгөрсөн онд бид Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогц байгуулахаа зарласан. Энэ бол шинэ эриний нөхцөлд, бүх улс орны ард түмний язгуур ашиг сонирхол, гэрэлт ирээдүйтэй холбоотой бидний хийсэн түүхэн сонголт юм. Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд дараах дөрвөн зарчмыг баримтлах ёстой.
Нэгд, бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний нэр хүнд, алс хэтийн хөгжил зэрэг язгуур ашиг сонирхлын асуудлаар бие биедээ үргэлж тодорхой, хүчтэй дэмжлэг үзүүлэхийг баримтлах. Хоёрт, хамтын хөгжлийг тууштай баримталж, “Бүс ба зам”-ын тэргүүн эгнээнд байж, Дэлхийн хөгжлийн санаачилгыг ахиулах. Гуравт, бүх нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэх. Бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, “өнгөт хувьсгал”-ыг өдөөж буй гаднын хүчин, шашны хэт даврагч хүчин, үндэстний салан тусгаарлах хүчин, террорист хүчинтэй тууштай тэмцэх. Дөрөвт, үеийн үед найрсаг байж, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хойч үеийн нөхөрлөлийн бат бөх суурийг бий болгохын чухлыг онцолжээ.
Ши Жиньпин, энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нь Хятад болон Төв Азийн орнуудад хамтын ажиллагааны шинэ индэр болж, шинэ ирээдүйг нээх боломж бий болголоо. Хятад улс талуудтай хамтран Хятад- Төв Азийн хамтын ажиллагааг сайтар төлөвлөн, бүтээн байгуулж хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Механизм байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийг Ши Жиньпин санал болгосон бөгөөд Хятад улс үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, онц байдлыг зохицуулах, боловсрол, улс төрийн намууд хоорондын солилцоо зэрэг салбарт уулзалт яриа хэлцлийн механизм байгуулах санал гаргалаа.
Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс худалдааг хялбарчлах бодлого боловсруулж, хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээг шинэчилж, хоёр талын хилийн боомтоор ХАА-н бүтээгдэхүүн шуурхай нэвтрүүлэх “Ногоон гарц” нээж, “Төв Азийн үүлэн бүтээгдэхүүний цуглуулга” арга хэмжээ зохиож, түүхий материалын солилцооны төв бий болгон, худалдааны цар хүрээг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллана гэжээ.
Ши Жиньпин Хятад, Төв Азийн орнууд үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг өргөтгөж, эрчим хүчний хөгжлийн түншлэлийн харилцаа тогтоохыг санал болгосон байна. Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойн D шугамын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр талын газрын тос, байгалийн хийн худалдааны цар хүрээг тэлж, эрчим хүчний салбарын харилцааг хөгжүүлж, шинэ эрчим хүч, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцоллоо.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс хил дамнасан тээврийн хэмжээг бүх талаар нэмэгдүүлж, Хятад-Киргиз-Узбекистан, Хятад-Тажикстан-Узбекистаны маршрутын авто замын хүчин чадлыг дээшлүүлж, Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийн талаарх зөвшилцлийг ахиулна. Одоо байгаа боомтуудын шинэчлэлийг түргэтгэж, агаарын тээврийн зах зээлийн нээлттэй байдлыг эрчимтэй дэмжинэ. Мөн Хятад-Европын галт тэрэг угсрах төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дижитал үйлчилгээний иж бүрэн платформ байгуулна. Үүний зэрэгцээ, Төв Азийн орнуудтай давсархаг шүлтлэг газрыг нээж хөгжүүлэх, хэмнэлттэй усжуулалт зэрэг салбартай хамтран ажиллаж, арал тэнгисийн экологийн хямралыг зохицуулахад тус дөхөм үзүүлж, Төв Азид өндөр технологийн үйлдвэрүүд, мэдээллийн технологийн аж үйлдвэрийн паркууд байгуулахад бэлэн байна. Төв Азийн орнуудыг “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд тогтвортой хөгжлийн технологи, инноваци ба бизнес эрхлэлт, сансрын технологи зэрэг тусгай хөтөлбөрүүдэд оролцохыг Хятад улс сайшааж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Хятад, Төв Азийн орнуудын ядуурлыг бууруулах шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөө боловсруулж,“Хятад-Төв Азийн технологийн ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө”хэрэгжүүлнэ гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Төв Азийн орнуудад Лүбаний цехүүд олноор байгуулж, Төв Ази дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд орон нутагт илүү олон ажлын байр бий болгохыг дэмжинэ. Түүнчлэн Төв Азийн орнуудтай хамтран ажиллаж, тэдний хөгжилд туслах зорилгоор, Төв Азийн орнуудад 26 тэрбум юанийн санхүүжилтийн дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлнэ. Хятад улс “Соёлын торгоны зам” төсөлд Төв Азийн орнууд оролцохыг урьж байна. Төв Азид уламжлалт анагаах ухааны төвүүд, мөн соёлын төвүүд харилцан нээх ажлыг түргэтгэж, Төв Азийн орнуудад засгийн газрын тэтгэлэг үргэлжлүүлэн олгоно. Ард түмний соёл урлагийн жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, Төв Азийн соёлын аялал жуулчлалын тусгай галт тэрэг ажиллуулахыг хүсэж байна. Түүнчлэн дээрх таван орны хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд тусалж, бүс нутгийн аюулгүй байдал, терроризмын эсрэг хүчин чармайлтыг дэмжиж, сүлжээний аюулгүй байдлын хамтын ажиллагааг өрнүүлэхэд Хятад улс бэлэн байна. Мөн Афганистаны хөрш орнуудын зохицуулалтын механизмын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Афганистаны энх тайван сэргээн босголтыг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.