CRI Монгол радио
Тайлан Японы үйлдлийг цагаатгаж чадахгүй
Японы Мияги мужийн Загас агнуурын нийгэмлэгийн захирал Харухико Терасава ОУАЭХА-ын энэ сарын 4-ний өдөр гаргасан Японы Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далай руу цутгах асуудлаарх үнэлгээний тайланг үзсэнийхээ дараа, “Энэ нь олон нийтийн түгшүүрийг арилгаж чадахгүй. Бид энэ үйлдлийг эсэргүүцэж байна!” гэж илэрхийлжээ. Түүний нэгэн адил Японы ард иргэд ч тус тайлан Японы бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөг “олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байна” гэдэг нь үнэмших хүчин дутмаг байна гэж үзжээ. Өмнөд Солонгосын иргэдийн эвсэл бүлгүүд ч уг тайлан нь Японыг хамгаалж чадахгүй, бохирдсон усыг далайд цутгах үйлдлийг “зөвтгөх” боломжгүй гэж онцолсон байна.
2021 оны 4-р сард Японы засгийн газар цөмийн бохирдсон усаа далай руу цутгах төлөвлөгөөгөө дангаараа зарласны дараа, Японы дотоодын загас агнуурын бүлгүүд, Номхон далайн эргийн бүс нутаг, Номхон далайн өмнөд арлын орнууд эрс эсэргүүцсэн юм. Дарамт шахалтад орсон Японы тал мөн оны 9-р сард ОУАЭА-аас хяналт, үнэлгээ хийхийг хүссэн байна. Хоёр жил ажилласны эцэст ОУАЭХА эцсийн үнэлгээний тайланг гаргажээ. Гэвч агуулгаас нь харахад үнэлгээнд хамрагдсан нийт мэргэжилтэн нарын санал, дүгнэлтийг бүрэн тусгаагүй, холбогдох дүгнэлт нь ч мэргэжилтэн нарын санал нэгтэй зөвшөөрлийг олоогүй, хязгаарлагдмал, нэг талыг барьсан, яаруухан нийтэлсэн тайлан байв.
Үйл ажиллагааны хувьд, ОУАЭА нь аюулгүй, найдвартай, энх тайвны зорилгоор цөмийн технологи ашиглахыг голлон хариуцдаг, харин цөмийн бохирдсон ус нь далай тэнгисийн орчин, биологийн эрүүл мэндэд урт хугацааны нөлөө үзүүлэхийг үнэлэх байгууллага биш юм. Японы засгийн газар цөмийн бохирдсон усыг далай руу цутгах төлөвлөгөөнд үнэлгээ хийх багийг урьсан нь эхнээсээ уг байгууллагаар зөвшөөрүүлэхээр шийдсэн гэдэг нь тодорхой байна. Энэ зорилгодоо үндэслэн Япон улс сүүлийн хоёр жилийн хугацаанд цуврал үйл ажиллагааг явуулсаар иржээ.
Юуны өмнө, Японы тал ОУАЭА-ийн ажиллах эрхийг хатуу хязгаарлаж, зөвхөн бохирдсон усыг далай руу зайлуулах төлөвлөгөөнд үнэлгээ, дүгнэлт хийхийг шаардаад бусад шийдвэрлэх төсөлд үнэлгээ хийхийг хориглосон байна.
Дараа нь, ОУАЭА-аас олж мэдсэн бүх шалгалтын дээж болон холбогдох мэдээлэл нь бүгд Японы ганц талаас хангасан. Тэр ч байтугай, энэ хэрэгт холбогдсон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн бохирдсон усны мэдээллийг олон удаа нуун дарагдуулж, өөрчилсөн “хар түүх” бий. “Нью-Йорк таймс” сонин 4-ний өдөр цөмийн цацраг идэвх бодист хяналт хийх мэргэжилтэн Азби Браунб хэлсэн үгээс иш татаж тэмдэглэхдээ, “Өнөөг хүртэл Японы талын өгсөн тоо баримт бүрэн биш, бүх үйл явц ил тод биш байна” гэжээ.
Түүнчлэн Японы олон улсын хамтын нийгэмлэгийн олон нийтийн харилцаанд хандаж буй байдал бүр ч сэжигтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Япон улс нэг талаар “цөмийн бохирдолтой ус”-ыг “цөмийн аргаар цэвэршүүлсэн ус” хэмээн гоёж, бодит аюулыг арилгах зорилгоор хэл амаа билүүдэж ирсэн. Нөгөө талаар, мөнгөөр замаа зассан. Японы Сэргээн босголтын агентлагийн 2021 оны төсвөөр жишээ болгон авч үзвэл, Фүкүшимагийн цөмийн ослоос үүдэлтэй олон нийттэй харилцах санхүүгийн зардлыг хоёр тэрбум иен болон нэмэгдүүлсэн нь 2020 оныхоос дөрөв дахин өссөн байв. ОУАЭА-ийн үнэлгээний тайланг нийтлэхээс өмнө, Японы засгийн газар уг тайлангийн төслийг урьдчилан олж авсан бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн. Мөн Японы албаны хүмүүс тус агентлагийн нарийн бичгийн газрын ажилтнуудад нэг сая гаруй евро “хандивласан” гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд саяхан мэдээлжээ.
Фүкүшимагийн цөмийн бохирдсон усанд 60 гаруй төрлийн цацраг идэвхт бодис агуулагддаг болохыг олон улсын олон төрлийн судалгаагаар нотолсон байна. Японы өөрөө гаргасан мэдээллээс үзэхэд, ALPS-ээр цэвэршүүлсэн цөмийн бохирдсон усны 70 орчим хувь нь зайлуулах стандартыг хангахгүй байгаа тул дахин цэвэршүүлэх шаардлагатай. Түүнчлэн, дараагийн урт хугацааны үйл ажиллагааны явцад ALPS-ийн гүйцэтгэлийн үр ашиг, найдвартай байдал нь тоног төхөөрөмжийн зэврэлт, хуучрахаас болж улам бүр дордох болно. Гэсэн хэдий ч Японы тэнгисийн ус зайлуулах төхөөрөмж үр дүнтэй ажиллаж чадах эсэх, холбогдох менежментийн арга хэмжээнүүд нь оновчтой байх эсэх, хатуу хяналтын механизм нь цаашид ажиллаж чадах эсэх зэрэг асуултад уг тайлан хариулт өгөөгүй болохоор хүмүүс далайн орчин, хүн төрөлхтний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг урьдчилан таамаглах боломжгүй байна.