CRI Монгол радио
Дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн 2 дахь форум Шанхайд
Энэ сарын 20-нд, Хятадын Төв радио телевиз, Шанхай хотын ардын захиргаатай хамтран Дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн хоёр дахь форумыг Шанхай хотноо зохион байгуулжээ. Уг форум нь “Нээлттэй, хүртээмжтэй, хамтдаа хожих механизмыг байгуулъя” уриан дор болсон бөгөөд олон улсын байгууллага, гадаад дотоодын гол чухал хэвлэл мэдээллийн байгууллага, судалгааны төвүүд, мөн хил дамнасан компаниудын төлөөлөл зэрэг 230 гаруй зочин төлөөлөгчид оролцжээ.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны орлогч дарга, ХТРТ-ийн дарга Шэнь Хайшюн уг форумын үеэр хэлэхдээ, “Орчин цагт хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний соёлын дэвшлийг түгээх нь хэвлэл мэдээллийн салбарын дархан үүрэг. Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан, баялаг, гайхалтай орчин үеийн түүхийг дэлгэн өгүүлэх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн түгээх хэлбэрт шинэчлэлт хийж, шударга, бодитой, идэвхтэй, эрүүл дэлхийн мэдээллийн орчныг бий болгох ёстой. Мөн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэдийн сэтгэлийг ойртуулж, харилцан суралцаж, хүн төрөлхтний орчин үеийн хөгжлийн шинэ дүр зургийг хамтдаа бүтээх ёстой” гэжээ.
Уг форумын үеэр “Дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн хоёр дахь форумын хамтарсан санаачилга”-ыг зарласан байна. Энэхүү санаачилгыг Хятадын төв радио, телевиз, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн нэгдсэн холбоо, Арабын өргөн нэвтрүүлгийн нэгдсэн нэгдсэн холбоо, Африкийн өргөн нэвтрүүлгийн нэгдсэн холбоо, Европын мэдээлэл солилцох нэгдсэн холбоо, Латин Америкийн мэдээллийн холбоо зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран санаачилж, хэвлэл мэдээллийн дархан үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дэлхийн хамтын ажиллагааг ахиулахыг уриалсан байна.