CRI Монгол радио
Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн түүчээ хурдаа нэмсэн нь
Жэжян орчин үеийн шинэчлэлийн түүчээ болж чадсан тухайд…
Нэг зуун мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Жэжян мужийг “долоон уул, хоёр ус, нэг тариалангийн талбай” гэж товчхон дүрсэлдэг. Энэхүү “жижиг газар” 1970-1980 оны үед Хятадын төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг шилжсэн анхны бүс нутаг болж, дэлхий нийтийг гайхшируулж, гайхамшгийг бүтээсэн юм. Гэсэн хэдий ч дэлхийн олон газартай нэгэн адил Жэжян нь “газар, цахилгаан, ус, мэргэжлийн ажилчны хомсдол”-д орж, хүрээлэн буй орчноо золиосолж, өргөн цар хүрээтэй эдийн засаг, хямд ажиллах хүч ашиглаж байж сая эрчимжсэн үйлдвэрлэл хөгжүүлсэн түүхтэй. Харин сүүлийн арав гаруй жилд Жэжян муж дэлхийн чанартай эдгээр асуудлаа идэвхтэй шийдвэрлэж, эдийн засгийн хөгжлийн загвар нь тооноос чанарт шилжиж, дижитал эдийн засаг, нээлттэй эдийн засаг, ногоон эдийн засгийн хөгжлөөрөө Хятад улсдаа манлайлж, хуучин хөдөлгөх хүч шинэ хүчээр солигдох параметр үзүүлэлтийг зурагласан юм. Тэгснээр Жэжян муж өндөр чанартай хөгжлийг эрэлхийлэх замд “хөлөө олж”, Хятад маягийн шинэчлэлийн хошууч, түүчээ болсон юм.
Жэжян орчин үеийн шинэчлэлээ хэрхэн түргэтгэв?
Ши Жиньпин энэ 9 сарын 20-нд Жэжян мужийн уулын жижиг тосгон, олон улсын худалдааны төв, музей, түүх соёлын хүрээлэнд очиж танилцсан юм. Эдгээр газрыг онцолж сонгосон, ямар чиглэл өгсөн зэргээс харвал Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай аргачлал, чиг хандлагыг ойлгож болно. Үүнд:
Орчин цагийн эдийн засаг
Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалын гол агуулгын нэг болох инновацад суурилсан хөгжил бол эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Тэрбээр, Жэжян муж бодит эдийн засгийг орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны үндэс суурь болгож, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт салбар дахь ололт амжилтыг нэмэгдүүлж, дээд зэрэглэлийн, ухаалаг, ногоон аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах хэрэгтэй. Мөн олон улсад өрсөлдөх чадвартай, шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийн кластерууд болон дижитал эдийн засгийн кластеруудыг цогцлоох хэрэгтэй гэв.
Өндөр түвшинд нээлттэй хөгжих
Орчин цагийн хөгжил гадаадад нээлттэй байхтай салшгүй холбоотой. Энэ жил Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ой тохиож байна. Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлогын хошууч гэгдсэн Жэжян муж нээлттэй хөгжлөөр эдийн засгийн орон зайгаа тэлж чадсан юм. “Дэлхийн жижиг бараа бүтээгдэхүүний хамгийн том бөөний төв” гэгдэх И Ү-ийн олон улсын худалдааны төвөөр жишээлэхэд, эндээс бараг 2.1 сая төрлийн бараа бүтээгдэхүүн 230 гаруй улс, бүс нутагт борлуулагдаг тул нөгөө талаар дэлхийн эдийн засгийн “барометр” гэх нь ч бий. И Ү-ийн олон улсын худалдааны төв хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бөөгнөрсөн газар болохын хувьд 75 мянган лангуу ажиллуулж байна. Мөн жижиг, дунд 2.1 сая аж ахуйн нэгжийн хөгжлийг дайчилж, 32 сая хүнийг ажлын байраар хангаж байдаг. Энэ удаад Ши Жиньпин И Ү-г сонгож ажилласан нь Хятад улс улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжиж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хувийн хэвшлийн үүргийг нэмэгдүүлэх дохио өгч байгаа юм.
Орчин үеийн хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэ бүтээн байгуулалт бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн маш чухал бодлогын нэг юм. Ши Жиньпин энэ удаад Лизү хэмээх уулын жижиг тосгонд очсон байна. Тэрбээр, 20 орчим жилийн өмнө Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа тариачдыг орчин цагийн соёл, амьдралтай золгуулах зорилгоор хөдөө тосгоны үйлдвэрлэл, амьдрал, хүрээлэн буй орчныг өөрчилж сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн нь өдгөө Жэжян мужийн хөдөө орон нутагт маш том өөрчлөлт авчирчээ. Лизү тосгон жилд давхардсан тоогоор 200 мянга гаруй жуулчин хүлээн авч, тосгоны иргэдийн дундаж орлого 52 мянган юаньд хүрсэн байна. Энэ удаад Ши Жиньпин улам өндөр шаардлага тавьж, Жэжян муж нийт иргэдээ чинээлэгжүүлэхийн үлгэр жишээ болж, хот хөдөөгийн зөрүү, бүс нутгийн зөрүү, орлогын зөрүүг багасгахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн юм.
Анхан шатны засаглалын орчин үеийн шинэчлэл
Ши Жиньпиний засаглалын тухай үзэл баримтлалд засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэх, түүнийг дэмжих нь шинэлэг агуулга юм. Ши Жиньпиний энэ удаад зорьж очсон “Фэнчяо гүүрний туршлага”-ын музей олны анхаарлыг ихэд татаж байв.
“Фэнчяо гүүрний туршлага” бол 60 жилийн түүхтэй бөгөөд анхан шатны нийгмийн засаглалд олон нийтийг өргөнөөр оролцуулж, мэргэн ухаан, хүч чадлын эх сурвалж бол ард түмэн гэж үздэг засаглалын үзэл санааг илэрхийлдэг байна.
Энд ирээд Ши Жиньпин, Жэжян анхан шатны засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэхэд ахиу туршлага бий болгоно гэж найдаж байна. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжүүлж, нийгмийн хамгааллын олон шатлалт тогтолцоог боловсронгуй болгож, ард түмэндээ түшиглэж асуудлыг анхан шатны түвшинд шийдвэрлэх ёстой гэж онцоллоо.
Орчин цагийн соёл иргэншил
Жэжян бол эртний болон орчин үеийн соёл иргэншлийн уулзвар, төгс хосолсон газар юм. Энэ нутагт Хятадын соёл иргэншлийн 5000 жилийн түүхийг хадгалсан ариун газар болох эртний Лянжу хотын туурь, 2500 гаруй жилийн түүхтэй их суваг бий. Ши Жиньпин “Их сувгийн үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн”-тэй танилцсан нь гүн гүнзгий утга учиртай. Өөрөөр хэлбэл Жэжянд соёлын шинэ зорилт дэвшүүлж, уламжлалт шилдэг соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулж, уламжлалт соёлын орчин үеийн хэв маягийг үргэлжлүүлэн хөгжүүлэх явдал юм.