CRI Монгол радио
Гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж газрын тээвэрлэлтийг шулуутгажээ
Олон зуун сая юанийн бараа бүтээгдэхүүнийг ганцхан минутын дотор олон улсын эргэлтэд оруулдаг худалдааны асар том сүлжээ бий болгожээ.
Гэхдээ барааны урсгал үргэлж саадгүй байх боломжгүй. Дүрэм стандартын зөрүү, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй элдэв доголдол нь бараа бүтээгдэхүүний урсгалд гэнэтийн саад болон босож ирдэг.
“Бүс ба зам”-ыг хамтран байгуулахдаа эдийн засаг, худалдааны урсгалыг яаж саадгүй нэвтрүүлж, даяаршлыг хэрхэн ахиулах вэ?
Гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, зам харгуйг шулуун дардан болгож, харилцан солилцож, хамтаар хөгжих. Хятад улс хамтрагч орнуудтайгаа цугтаа зүтгэж, бодлого, дүрмээ харилцан уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон хөнгөвчлөхийг дэмжсэн юм.
Энэхүү арван жилд дүрэм, журмыг уялдаатай болгосноор урт хугацаагаар хаягдсан төмөр замыг сэргээж чадсан. Хятад-Европын галт тэрэг олон нийтийн анхаарлын төвд орсон. Хэдэн мянган миль зайг туулах тус төмөр замаар саадгүй нэвтрэх нь эхэндээ төсөөлөгдөшгүй ажил байлаа. Хоорондоо дүрэм журам нь зөрчилдсөн олон улс орны төмөр замын байгууллагуудтай учраа олох амаргүй.
Дүрэм журмаа уялдуулах нь шинэ төмөр зам барихаас дутахааргүй хэцүү ажлын нэг байв. Хятад улс төмөр зам дагуух орнуудтай хамтын ажиллагааны шинэ механизмыг тогтоож, Хятад-Европын галт тэрэгний хөгжлийг эрчимжүүлсэн билээ.
Европ тив руу шинэ зам шугамууд ар араасаа тавигдаж, Европын 25 орны 210 гаруй хотод хүрч, зүүнш Хятадын 110 гаруй хотыг холбов. Эртний Евразийн эх газарт худалдааны цоо шинэ сүлжээ дахин бий болох нь тэр.
Сүүлийн арван жилд тогтолцооны шинэчлэл нь худалдааны түүхэнд урьд өмнө байгаагүй шинэлэг зүйлийг бий болгосон. “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах санаачилгын дагуу бий болсон Импортын экспо амжилтад хүрсэн нь ийм учиртай. Энэ бол импортод түшиглэсэн дэлхийн анхны үндэсний үзэсгэлэн худалдаа юм.
Олон мянган аж ахуйн нэгж, хэдэн арван мянган үзмэрийг хилээр нэвтрүүлэх шаардлагыг хангахын тулд Хятад улс бодлогын 10 гаруй заалтдаа өөрчлөлт оруулж, зах зээлээ нээлттэй болгож, хөгжлийн ашгаа дэлхийн олон оронтой хуваалцсан юм.
Өнгөрсөн арван жилд бид эдийн засаг, худалдааны дотоодын дүрэм журмаа бусдынхтай уялдуулж, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс болох RCEP-ийг байгуулсан юм. “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилгын хүрээнд Хятад улс болон RCEP-ийн гишүүн орнууд 15 орны худалдааны дүрмийг уялдуулж, зах зээлээ нээж, саад бэрхшээлийг арилган, тухайн бүс нутагт шинэ хөгжил цэцэглэлтийг авчирсан.
Хятад хүмүүсийн зоогийн ширээн дээр арван жилийн өмнө 53 төрөл байсан АСЕАН-ы орнуудын жимс жимсгэний тоо эдүгээ 73 төрөл болон нэмэгдэж, “Бүс ба зам” дагуух орнуудын жимс жимсгэнэ олон улс оронд борлогдох болжээ.
Өнөөдөр Хятадын шинэ эрчим хүчний авто машинууд АСЕАН-ны орнуудад нэвтэрч, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилсөөр байна.
Гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөн, зам харгуйг шулуун болгож, хүнд бэрхийг даван гарч, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулсанаар худалдаа наймаа саадгүй чөлөөтэй болжээ. 2013 оноос хойш, Хятад улс болон хамтран ажиллагч орнуудын импорт экспортын нийт хэмжээ 19.1 их наяд ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт 6.4 хувийг барааджээ. Энэ нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ орон зайг нээж, нэн олон хүнийг сайн сайхан амьдралтай залгуулсан байна.