Ерөнхийлөгч
С.Наранцогт: Орано компанийн борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулахаар протоколд тусгасан
Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Франц улсад гарын үсэг зурсан.
Орано компани Монголд олон жил ажиллаж, Дорноговь аймгийн Зөөвч-Овоо уурхайгаас ураны шар нунтаг байгааг олж илрүүлсэн. Уг уурхайгаас ураны шар нунтгийг гаргахын тулд нэмэлт 1.2 ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээний тухай ярьж байгаа юм. Гэрээ эцэслэн шийдэгдээгүй.
Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа.
Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Тус төслийн хувьд бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөсөн байна.
Протоколыг Монголын талаас баталсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тус улсад томилолтоор ажилласан сэтгүүлчид зарим зүйлийг тодруулж, асуусан юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Орано” компанитай ажил хэсгийн протоколд гарын үсэг зурсан юм. Ингэснээр цаашид ямар боломжууд нээгдэж байна вэ?
– Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлах үеэр манай улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлах үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах тухай яригдсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ баталгаажуулж, протоколд гарын үсэг зурлаа.
-Олон нийтийн зүгээс “Орано” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг зурлаа гэх ойлголтууд гарч байна. Протокол батлагдсанаас хойш ямар процесс явагдах бол?
-Монгол, Францын талаас нарийн заалтуудыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, Засгийн газраар хэлэлцэх ёстой. Үүний дараа эдгээрийг УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Сая батлагдсан протоколд тусгагдсан үндсэн нөхцөлүүдийг УИХ, намын бүлгүүдэд танилцуулаад зөвшөөрөл аваад ирсэн. Өөрөөр хэлбэл протоколд тусгасан үндсэн нөхцөлүүдийг хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд оруулахыг зөвшөөрсөн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн баталсан гэсэн үг биш. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах үндсэн нөхцөлүүдээ хоёр улсын тал ойлголцсон юм.
– Протоколд ямар нөхцөлүүд тусгагдсан бол? Эдийн засгийн өгөөжийн талаар хэлж өгнө үү?
-Өмнөх гэрээнд буюу 34%-ийг эзэмшиж байгаа боловч их өрөнд орсон, ноогдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй, зардал өсөж байгаа учир нэлээдгүй хойшилсон, АМНАТ-ын төлбөр тогтмол 5%-аар төлдөг ч 2.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж байгаа төслөөс 100 сая ам.долларын АМНАТ-ын төлбөр авдаг гэх шүүмжлэл их гарч байгаа. Уг алдааг хөрөнгө оруулалтын хоёр дахь төсөлд давтахгүй гэж үзсэн учир өсөн нэмэгдэх АМНАТ-ын төлбөрийг авахаар Орано компанитай тохирч байна. Өөрөөр хэлбэл АМНАТ 10%-аас эхэлж буй.
Үйл ажиллагаа зардал мөнгөний асуудалд оролцохгүй, ашигтай ашиггүйгээс үл хамааран жил бүр ногдол ашгаа хүртэх нөхцөлөөр гэрээний төсөл хийгдэж байна.
Оюутолгой төсөлтэй харьцуулахад Орано компанитай хийх гэрээний төсөл бага, жилдээ 400 сая орчим ам.долларын борлуулалттай.
Оюутолгой компани жилд 2.2 тэрбум ам.долларын борлуулалттай байдаг. Жилдээ 50 сая орчим долларыг зөвхөн АМНАТ-д төлөгдөнө.
Одоогийн мөрдөгдөж буй татвараас энэ төсөлд илүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөл тохирч байгаа юм.
-Орано компанитай хийх гэрээний нөхцөлүүдийг намын бүлгээс зөвшөөрөл авсан гэлээ. Гэрээний төсөлд нийтийн эрх ашигтай холбоотой ямар заалтууд байгаа бол?
-Орон нутгийн хөгжилд зориулж жилд нэг сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, нийт ажилтнуудын 30-аас доошгүй хувийг орон нутгаас авч ажиллуулах зэрэг нөхцөлүүд бий.
Байгаль орчны хувьд Орано компанийн ашиглаж буй технологи нь усыг бага, дахин ашигладаг, хүхрийн хүчлийн хяналтыг өндөр түвшинд хийдэг.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Казахстан улсад туршигдсан сайн технологи байгаа, үүнд хяналт тавина.
Хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчийн зүгээс яг адил мэдээлэл солилцоно, нууцгүй ажиллана. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээний явцыг олон нийтэд ил тод мэдээлнэ гэж тохирсон байгаа.
Төслийн хугацаанд манай улсаас гарч байгаа шар нунтаг хэмээн нэрлэж буй бүтээгдэхүүний үнэ буураад өсөж эхэллээ. Нэг фунт нь 71 ам.долларын үнэтэй байна. Үүнээс цааш нэмэгдвэл АМНАТ-ыг өссөн үнээр төлнө.
Анх төслийн ТЭЗҮ 52 ам.доллароор хийгдсэн. Хугарлын цэг нь 45 ам.доллар. Хэрэв 45 доллар болчихвол энэ төсөл ашиг олохгүй, үүнээс доош орвол алдагдалтай ажиллах учир 52 доллароор ТЭЗҮ хийгдсэн юм. Энэ ТЭЗҮ-гээр 8.7 тэрбум ам.долларын борлуулалт хийхэд 2.7 тэрбум ам.долларын татвар төлнө.
Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бүх гүйлгээ Монгол Улс дахь банкаар хийгдэнэ. Тодруулбал Орано компани Хөрөнгийн биржэд бүртгэлтэй учир харилцах банканд тавигддаг шаардлага бий. Бүтээгдэхүүн борлуулсан бүх орлогоо Монголын банкаар дамжуулах шаардлага тавьсан боловч Хөрөнгийн биржээс тавигддаг зэрэглэл нь манай банкуудад дутуу тул борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулна гэдэг нь валютын нөөц зэрэгт тустай. Протоколд эдгээр зэргийг тусгасан болно.
Хөрөнгө оруулалтын гэрээ, нарийвчилсан ТЭЗҮ-гээ дахин батлуулна. Бүтээн байгуулалт эхлэхээр 2027 оноос үйлдвэрлэлээ эхлүүлнэ.
“Орано” дэлхийд гуравдугаарт ордог том компани. Энэ компанийн хөрөнгө оруулалтыг авах нь манай улс хөрөнгө оруулалтыг татаж буй сайн мэдээ.
Нөгөө талдаа бидний тохирсон өсөн нэмэгдэх АМНАТ дэлхийн хамгийн өндөр хэмжээ. Ихэнх АМНАТ гурав болон таван хувийнх. Татварын орчин янз бүр. Жишээлбэл Узбек улсын АМНАТ 8% байна.
Уг төслийн хувьд технологийн давуу тал бий учир өндөр АМНАТ-ыг давах эдийн засгийн тооцоо гарч байгаа.
Уламжлалт аргаар олборлолт явуулах төслүүдийн хувьд өндөр АМНАТ тогтоох боломжгүй.
Стратегийн ач холбогдолтой төслүүдээ аль аль талдаа үр ашигтай байхаар хөрөнгө оруулалтыг татах ёстой.
Хөрөнгө оруулагч талын зүгээс монголчууд гэрээ хэлэлцээр хийхдээ ойлголт, мэдлэг сайтай болсон байна гэж дүгнэсэн.
Бид хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцох түвшинд хүрсэн байна. Санхүүгийн модель, бусад зүйл дээр ойлголцож, тооцооллоо хамт хийхэд асуудалгүй. Монголын тал илүү хувь ашгийг хүртэх ёстой гэдэг үндсэн зарчмаар санхүүгийн тооцоолол хийж байна.
Бүтээгдэхүүний үнэ өсвөл хөрөнгө оруулагч тал болон хувьцаа эзэмшигчийн үр ашиг нэмэгдэхээр байгаа. Тиймээс Монгол талын авах үр ашгийг 51%-ээс дээш байх тохируулгыг хийхээр ойлголцсон. Өөрөөр хэлбэл зах зээлийн ямар ч үед 51-ээс дээш хувийн ашгийг Монголын тал хүртэнэ.
“Орано майнинг” группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн “Хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь маш чухал үйл явдал юм. Цаашид бид үр дүнтэй, харилцан ашигтай байх үндэс суурийг бий болгож байна. Бид өнгөрсөн хугацаанд маш идэвхтэй хамтран ажиллалаа.
Харин одоо бидний дараагийн алхам бол энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Францын тал үүнд бэлэн байна. Санал зөрөлдөөн багагүй байсан. Гэхдээ бид тохиролцож чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал үүнд чухал нөлөө үзүүлсэнд би маш их баяртай байна” гэсэн юм.
Франц улс цөмийн эрчим хүчний 56 реактортай, одоо нэгийг нэмж барьж байгаа аж. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашигладаг байна.