CRI Монгол радио
“Бүс ба Зам” санаачилгын талаар дэлхийн удирдагчид юу гэв?
“Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замуудыг олоход тус болно гэдэгт итгэлтэй буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ онцлон тэмдэглэсэн байна. В.Путин “Бүс ба Зам” санаачилгыг өндөөр үнэлдгээ илэрхийлээд, ОХУ болон БНХАУ нь бүх нийтийн тогтвортой байдал бөгөөд урт хугацааны эдийн засгийн хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхан байдлыг хангахыг ямагт эрмэлздэг бөгөөд соёл иргэншлийн олон талт байдал, улс бүр өөр өөрийн хөгжлийн замыг сонгох эрхийг хүндэтгэдэг гэсэн юм.
Хятад улс дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд, “Бүс ба Зам” санаачилга нь Хятад улсын эдийн засгийн хүчирхэг байдлыг дэлхий нийтэд нотлон харуулж, хөгжиж буй орнуудын хөгжлийн индэр, дэлхийн нийтийн сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжих хөшүүрэг болж байна гэлээ.
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Бүс ба Зам”-ын хүрээнд хөгжлийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бол Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес “Бүс ба Зам” санаачилгыг дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааг ахиулахад тус болох олон улсын хэмжээний ирээдүйтэй санаачилга гэж дүгнэн хэллээ.
Этиопын Ерөнхий сайд Абий Ахмедын хэлснээр, “Бүс ба Зам” санаачилга нь Африкт ихээхэн нэр хүндтэй бөгөөд тус тивийн тогтвортой хөгжлийн чиглэлээрх төслүүдийн өндөр эрэлт хэрэгцээг хангаж байна.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ “Хөгжлийн дэмжлэг, дэд бүтцийн тусламж авч чадахгүй буй олон улс орон байна. ‘Бүс ба Зам’ санаачилгад нэгдсэнээр дэд бүтцийн тулгамдсан асуудлаа дэд бүтцийн боломж болгож хувиргах боломжтой” гэлээ.
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн хэлснээр, “Бүс ба Зам” санаачилга нь харилцан ашигтай хамтын ажиллагааны чухал индэр, дэлхийн нийтийн хувьд хамтын хөгжилд хүрэх чухал боломж болоод байна. Чили улс энэ санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид ч идэвхтэй оролцох болно гэж тэрбээр хэлсэн байна.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ “Унгар улс ‘Бүс ба Зам” санаачилгыг тууштай дэмжиж, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болно. Унгар улс Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ямагт хүчин чармайдаг бөгөөд Европын холбоо дахь Хятад улсын найдвартай түнш хэвээр байх болно” гэжээ.
Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга бол нээлттэй бөгөөд хүртээмжтэй томоохон төсөл хэмээн Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев сайшааж, уг санаачилгыг тууштай дэмжихээ мэдэгдсэн байна.
Дэлхийн удирдагчид “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж, уг санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа энэ мэтчилэн илэрхийлсэн байна.
Одоогоор таван тивийн 150 гаруй улс орон болон 30 гаруй олон улсын байгууллага энэ санаачилгад нэгдэж, санаачилгын хүрээнд 200 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдаад байгаа юм. “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны талаарх дээд түвшний III чуулга уулзалт нь уг санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх хөшүүрэг боллоо гэж олон улсын шинжээчид мөн тодорхойлж байна.
Г.Солонго