CRI Монгол радио
Хятад Монголын ерөнхий сайдууд уулзав
Ерөнхий сайд Ли Чян хэлэхдээ, Хятад Монгол бол уул усаараа хаяа залгасан хөрш. Хоёр талын харилцааны гол чиглэл нь найрамдал байсаар ирсэн юм. Ши Жиньпин дарга, Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүхтэй саяхан Бээжинд баялаг үр бүтээлтэй уулзалт хийж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалт, “Бүс ба Зам”-ын хүрээнд хамтран ажиллах талаар иж бүрэн нийтлэг ойлголтод хүрч хоёр талын харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжүүлэх стратегийн удирдамж болсон юм. Хятад улс хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, итгэж найдах сайн хөрш, сайн анд нөхөд байхад бэлэн байна. Ирэх жил дипломат харилцааны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ой болно. Эдгээр түүхэн боломжийг ашиглаж уламжлалт харилцаа, найрамдлаа бататгаж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, олон салбар нягт хамтран ажиллаж, өөр өөрийн хөгжил цэцэглэлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж, хоёр орны ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ли Чян цааш өгүүлэхдээ, Хятадын тал Монголын талтай хамтдаа өөр өөрийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалж, улс орныхоо амин чухал ашиг сонирхол, мөн анхаарал тавих бусад асуудлаар харилцан ойлголцож, харилцан дэмжинэ. Хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллаж, найрамдлын үндэс суурийг бэхжүүлж, нөөц хүчнээ цаашид дайчилж, боомтын дэд бүтцийн холболт, эдийн засаг, худалдаа, ногоон хөгжил зэрэг салбарт эрчимтэй хамтарч, улмаар хамтдаа ашигтай байж, хамтдаа хожих сонирхолтой байна. ШХАБ-ын хүрээнд Монголын талтай хоёр орны хамтын ашиг сонирхлыг сайтар хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо нягтарч, харилцан ойлголцол нэмэгдэж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа цаашид өргөжиж байна. Монголын тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж, гаднын хүч Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцдэг. Хятадын талтай хамтдаа улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын дэвшүүлсэн хөгжлийн стратеги, санаачилгыг сайтар уялдуулж, хилийн боомтуудын чадавхын байгуулалт, дэд бүтцийн холболтыг эрчимжүүлж, “Бүс ба Зам”-ыг хамтдаа урагш ахиулж, худалдаа, төмөр зам, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын салбарт хамтарч, олон талаар нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ шатанд хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.