Нийгэм
ӨМНӨД СОЛОНГОСТ МОНГОЛЫН 48,185 ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ
Өмнөд Солонгост амьдарч байгаа гадаадын харьяат иргэдийн талаарх сүүлийн үеийн тоо баримтыг тус улсын хууль зүйн яам өчигдөр танилцууллаа.
Тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаад иргэдийн тоо 2019 оны сүүлийн байдлаар 2,524,656 хүрсэн нь өмнөх жилээсээ 6.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Өмнөд Солонгост амьдардаг гадаад иргэдийн тоо 2007 оны наймдугаар сард анх удаа нэг саяын босгыг давсан бол 2016 оны зургаадугаар сард хоёр саяын босгыг давжээ.
2.5 сая гадаад улсын иргэд өнөөдөр тус улсын нийт хүн амын 4.9 хувийг бүрдүүлж байна. 2018 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын тоо 51.64 сая байсан аж.
Гадаадын харьяат иргэдийн 68.6 хувь нь урт хугацаанд оршин сууж байгаа бол 31.4 хувь нь богино хугацааны оршин суух эрхтэй байна.
Улсын харьяаллаар харвал 43.6 хувь (1,101,782) нь Хятад улсын иргэд байна. Тэдний дотор 701,098 нь солонгос гаралтай Хятад улсын иргэд.
Вьетнамын иргэд 224,518, Тайландын иргэд 209,909, АНУ-ын иргэд 156,982, Японы иргэд 86,196, Узбекистаны иргэд 75,320, Филиппиний иргэд 62,398, Оросын иргэд 61,427, Индонезийн иргэд 48,854, Монголын иргэд 48,185, Камбожийн иргэд 47,565 тоогоор тус тус удаалжээ.
Гадаадын иргэдийн дунд хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн эзлэх хувийг 15.5 гэж Өмнөд Солонгосын хууль зүйн яам мэдээллээ.
Эх сурвалж: Yonhap News