CGTN мэдээ
Хятадын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага

Жил бүрийн сүүлээр хуралдах Хятадын Төвийн эдийн засгийн ажлын бага хурал нь гадаад дотоодын хүмүүст Хятадын эдийн засгийн чиг хандлагыг ажиглах чухал цонх болдог. 12 дугаар сарын 11-12-нд Төвийн эдийн засгийн ажлын хурал товлосон ёсоор Бээжинд болж, Ши Жиньпин чухал үг хэлэв.
Энэ удаагийн хурлаар Хятадын хөгжилд тулгарч буй таатай нөхцөл нь таагүй хүчин зүйлээс илүү хүчтэй, эдийн засгийн сэргэлт, урт хугацааны сайжрах үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй тул итгэл зоригоо нэмэгдүүлэх ёстой гэж дүгнэжээ.
Төвийн эдийн засгийн ажлын бага хурлаар Хятадын 2024 оны эдийн засгийн ажлын тэргүүлэх чиглэлийн ерөнхий төлөвлөгөө, тодорхой байршуулалтыг гаргаж, үндсэн үүрэг бол есөн зүйлд тууштай ахиц гаргаж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах явдал гэж тодорхойлжээ.
Төвийн эдийн засгийн ажлын бага хурлаас дэвшүүлсэн 2024 оны гол зорилтуудаас харахад, “Хятадад хөрөнгө оруулах” брэнд бий болгохыг анх удаа санал болгов. Үүнтэй холбоотойгоор олон бодлого авч хэрэгжүүлэх болно.
Үүнээс гадна, 2024 онд Хятад улс үл хөдлөх хөрөнгө, орон нутгийн өр, жижиг дунд санхүүгийн байгууллага гэх мэт эрсдэлийг зохицуулах ерөнхий төлөвлөгөө гаргаж, хууль бус санхүүгийн үйл ажиллагааг хатуу таслан зогсоох болно.
Түүнчлэн хөдөө аж ахуйн хүчирхэг гүрэн байгуулах зорилт тавьж, хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх, хөдөө тосгоны аж үйлдвэрийн хөгжил, хөдөө тосгоны бүтээн байгуулалтын түвшинг дээшлүүлэх, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, амьдрахад тохиромжтой, үйлдвэржилт сайтай, үзэсгэлэнтэй сайхан хөдөө орон нутгийг цогцлон байгуулна. Мөн хот хөдөө, бүс нутгуудыг уялдаатай хөгжүүлэхийг дэмжихээ онцлов.
Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалын гол зүйл нь Хятад улс бол том орон учраас бодит эдийн засагт тулгуурласан орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдацтай бий болгох явдал юм. Мөн бие даах замаар замнан, үндсэн технологиудийг бие даан судалж бүтээхэд суурилсан байх ёстой гэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр олон улсын хөрөнгө оруулагчдад хандан, Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого урт удаан хугацаанд өөрчлөгдөөгүй, дэлхийн эдийн засгийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөө олон улстай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэж олон улсын арга хэмжээний үед олон удаа уриалсан байна.
