Энтертайнмент
CS2 мажорын Зүүн Азийн сонгон шалгаруулалтад оролцох 8 баг тодорлоо

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц “PGL Major Copenhagen 2024” гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээний Зүүн Азийн сонгон шалгаруулалтад оролцох багууд өчигдөр тодорлоо.
Тодруулбал, 1,250,000 ам.долларын шагналын сантай мажор тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох учиртай. Шилдэг 24-ийн хоёр нь Ази тивийн баг байх юм. Ази тивийг төлөөлөх хоёр багийг тодруулах урьдчилсан шатны тэмцээн буюу “PGL Major Copenhagen 2024: Asia-Pacific RMR” хоёрдугаар сарын 26-28-ны хооронд Хятадын Шанхай хотод болно.
Энэхүү урьдчилсан шатанд Номхон далайн 1, Хятадын 2, Зүүн Азийн 2, Ойрх Дорнодын 2 болон Зүүн Өмнөд Азийн 1 буюу нийт 8 баг өрсөлдөнө. Монгол Улсын хувьд Япон, Хонконг, Солонгос, Оросын Зүүн хязгаарын хамт Зүүн Азийн бүсэд харьяалагдсан.
Тэгвэл Зүүн Азийн бүсээс Asia-Pacific RMR-т оролцох хоёр багийг тодруулах хаалттай сонгон шалгаруулалтад оролцох 8 баг өчигдөр тодорлоо. Хаалттай сонгон шалгаруулалтад дэлхийн чансаагаар тэргүүлэгч Монголын “The MongolZ”, “ATOX Esports”, “Eruption” багууд шууд уригдсан бол үлдсэн 5 баг нь нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авсан юм.
Нээлттэй сонгон шалгаруулалтаас Хонконгийн “MungYu Esports”, Монголын “The Huns Esports”, Оросын “GR Gaming”, “Fort Arena”, Монгол тоглогчтой “Team NKT” багууд эрхээ авав.
