Энтертайнмент
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн үнэн алдартны шашинтай анхны улс Грек боллоо
Загалмайтны шашны үнэн алдартны урсгалыг хүн амын ихэнх нь шүтдэг улс орнуудаас Грек анх удаагаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг боллоо.
Өчигдөр тус улсын парламент уг шийдвэрийг 176-76 харьцаатай олонхын саналаар гаргажээ.
Энэ шийдвэрийн дагуу бас ижил хүйстэн хосууд хүүхэд үрчлэх боломжтой болсон байна.
“Нийгмийн ноцтой тэгш бус байдлыг зоригтойгоор арилгах хууль” гэж шинээр батлагдсан хуулийг Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис тодорхойлжээ.
Шинэ хуулийн төсөл Грекийн нийгэмд томоохон маргаан, хагарал үүсгэсэн юм. Нөлөө бүхий Грекийн Үнэн Алдартны Сүм хийдийнхэн хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж, нийслэл Афин хотод жагсаал зохион байгуулж байв.
Сүм хийдийн тэргүүн хамба Иеронимос шинэ хуулийг “нийгмийн эв нэгдлийг сүйтгэх” уршигтай гэж анхааруулж байжээ.
Гэвч Грекийн 300 суудалтай парламент шинэ хуулийг ердийн олонхын саналаар баталсан юм.
Санал хураалтын өмнө хуулийг санаачилсан ерөнхий сайд Мицотакис “Өмнө нь үзэгддэггүй байсан хүмүүс одоо бидний эргэн тойронд ил гарч эхэлнэ. Олон хүүхэд байх ёстой газартаа очих болно. Энэ шинэчлэлт олон хүний амьдралаас юуг ч хасахгүйгээр өөр нэг хэсэг хүмүүсийн амьдралыг сайжруулах юм” гэж хэлж байжээ.
Грекийн бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагчид шинэ хуулийг талархан хүлээж авсан юм.
“Энэ бол түүхэн үйл явдал. Энэ бол баярын өдөр” гэж Rainbow Families байгууллагын тэргүүн Стелла Белиа мэдэгджээ.
Өнөөдөр дэлхийн 35 улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөөд байна. Европын Холбооны гишүүн 27 улсын 15 нь эдгээрийн тоонд багтаж байгаа.
Грек нь зүүн өмнөд Европын бүс нутагт ийм хуультай анхны улс болж байна.
Эх сурвалж: BBC