CRI Монгол радио
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган Бээжинд нээгдэв
Өнөөдөр, гуравдугаар сарын 4-ний үдээс хойш УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээлтээ хийв. Эдийн засаг, соёл, боловсрол зэрэг 34 салбарын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 2100 гаруй гишүүн цуглаж, төр засгийн бодлого, улс төрийн хэлэлцүүлэгт оролцож, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах талаар санал, бодлогоо илэрхийлж байна.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны чуулган бол Хятадын онцлогтой тогтолцооны зохицуулалт бөгөөд Хятадын Коммунист Намын удирдлага дор олон нам хамтран ажиллах, улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллага юм. Мөн Хятадын улс төрийн амьдралын бүх үйл явцад ардчиллыг бүх талаар хэрэгжүүлэх чухал хэлбэр бөгөөд үндэсний засаглалын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
УТЗЗ-ийн бүх Хятадын хороо нь энэ тогтолцоог хэрэгжүүлдэг үндэсний байгууллага бөгөөд Хятадын Коммунист Нам, ардчилсан нам бүлгүүд, нам бус зүтгэлтнүүд, ардын байгууллага, үндэсний цөөнх, нийгмийн бүх салбарын төлөөлөгч, Тайваний эх орон нэгтэй ахан дүүс, Хонконг, Макаогийн эх орон нэгтнүүд, хилийн чанадаас буцаж ирсэн хятадуудын төлөөлөгч, тусгайлан уригдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганы үндсэн чиг үүрэг нь улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт, төрийн үйл хэрэгт оролцох, улс төрөөр хэлэлцэх явдал юм. Эдгээр гурван чиг үүрэг нь нам, бүлгүүд, бүх үндэстэн, нийгмийн бүх салбарын ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох, үүргээ гүйцэтгэх чухал агуулга, үндсэн хэлбэр болж УТЗЗ-ийг улс төрийн бусад байгууллагаас ялгах онцлог болдог юм.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны бүрэн эрх нь таван жилийн хугацаатай бөгөөд хурлаа жил бүр хийдэг. Энэ жил УТЗЗ-ийн14 дэх удаагийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган болж байна.