CRI Монгол радио
Эдийн засаг сэргэн сайжирч буйн “эрч хүч” хаанаас ундарч байгаа вэ?
Тэгвэл энэ “эрч хүч” хаанаас ундарч байгаа вэ? Хятадын энэ оны эхний хоёр сарын улс ардын эдийн засгийн гүйцэтгэлийн талаарх хамгийн сүүлийн албан ёсны мэдээнээс хариултыг нь олж болно.
Жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 7 хувь өсч, 41 томоохон аж үйлдвэрийн салбараас 39 салбарын бүтээсэн нэмүү өртөг өмнөх оныхоос нэмэгджээ. Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувь өссөн байна. Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны төсөөллийн индекс 2-р сард 54.2 хувьд хүрч, үйлчилгээний салбарын бизнесийн төсөөллийн индекс 58.1 хувьд хүрчээ. Эдгээр тоо баримт нь Хятад улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй бөгөөд энэ онд“тогтвортой гараа” авч, өсөлтийн чиг хандлагыг цаашид үргэлжлүүлснийг харж болох юм.
Хэрэглээний хувьд, энэ оны 1-2 дугаар сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.5 хувь өссөн нь хэрэглээний эрч хүч цаашид бэхжиж байгааг харууллаа. Одоогийн байдлаар Хятад улс тоног төхөөрөмжийг өргөн цар хүрээтэй шинэчлэх, хэрэглээний бүтээгдэхүүнд хуучныг шинээр солих шинэ үе шатыг эхлүүлээд байна. Холбогдох байгууллагын мэдээлснээр, өндөр чанартай хөгжлийг гүнзгийрүүлэн ахиулснаар тоног төхөөрөмжийн шинэчлэл нь жилийн 5 их наяд гаруй том зах зээлийг бий болгоно. Түүнчлэн 2023 оны эцэс гэхэд Хятадын иргэний автомашины тоо 336 саяд хүрч, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тоо 3 тэрбум ширхгээс давсан бөгөөд энэ хоёр салбарт шинэчлэл хийснээр мөн их наядаар хэмжигдэх зах зээлийг бий болгох юм.
Үүний зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэсэн “брэнд бүтээгдэхүүн”, ухаалаг тавилга, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүд энэ салбараас байнга гарч ирж, дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх шинэ эрч хүч авчирч, гадаадын компаниудад шинэ орон зай нээж байна. “Хятадын хэрэглэгчдийн бүтээгдэхүүний чанарт тавих шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь биднийг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдаа нэмэгдүүлэхэд хүргэж байна”гэж Декатлоны Хятад дахь компанийн хариуцлагатай хүн хэлжээ. Тэрбээр, Хятадад хөрөнгө оруулалт хийсэн сүүлийн 20 жилийн хугацаанд тус компани бүтээгдэхүүнээ тасралтгүй баяжуулж, өөрийн үйлдвэрийг барьж, хэрэглэгчдийн олон янзын хэрэгцээг хангаж байна гэжээ.
Эдийн засгийн өсөлт нь инновацийн хүчирхэг хөдөлгүүртэй салшгүй холбоотой. Эхний хоёр сарын мэдээллээс харахад, 3D хэвлэх төхөөрөмж, цэнэглэгч багана, электрон эд ангиудын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар, дэвшилтэт технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 9.4 хувиар өсч, хуучин ба шинэ хөдөлгөх хүчний ээлж халаа нь дотоод хөдөлгөх хүчийг бий болгосоор байна.
Өдгөө “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч”-ийг хөгжүүлэх нь Хятадын эдийн засагт дурдагдаж буй гол үг болоод байна. Энэ оны засгийн газрын ажлын тайланд мөн “орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг түргэтгэх”-ийг нэн тэргүүний зорилт болгожээ. Ялангуяа аж үйлдвэрийн интернет зэрэг үйлдвэрлэлийн шинэ хэрэгслийг ашигласан нь үйлдвэрлэлийн үйл явцыг сайжруулахад түлхэц болсон.
Гадаадын маш олон компани Хятад улсад ирж хөгжиж байна. Энэ оны 1-р сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 4588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 74.4 хувь нэмэгдсэн байна. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын Хятад дахь хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, Франц, Шведийн хөрөнгө оруулалт 25 дахин, 11 дахин нэмэгджээ.
Энэ оны эхний хоёр сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 8.7 хувь нэмэгдэж, импорт, экспортын аль аль нь эерэг өсөлттэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Уолл Стрит сонинд: Эхний хоёр сард Хятадын экспорт “хүчтэй” байсан бөгөөд өсөлтийн хурд нь салбарынхны төсөөлж байснаас хамаагүй өндөр байна. Энэ нь, Хятадын гадаад худалдааны компаниудын уян хатан байдалтай холбоотой. Хятадын гадаад худалдааны хурдацтай өсөлт нь дэлхийн худалдаа, эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц болсон гэж мэдээлжээ.
Хятадын эдийн засгийн сэргэлтийн хөшүүрэг хүчин зүйл улам нэмэгдсээр байгааг баримт нотолж байна. Одоогийн байдлаар гадаад орчны тогтворгүй, тодорхойгүй байдал олон хэвээр бөгөөд Хятадын эдийн засгийн сэргэн сайжрах үндэс суурийг улам бэхжүүлэх шаардлагатай байна. Гэсэн хэдий ч, төрөл бүрийн таатай хүчин зүйл хуримтлагдаж байгаагийн зэрэгцээ Хятадын томоохон зах зээлийн эрч хүч, аж ахуйн нэгжүүдийн эрч тэмүүлэл сайн тул Хятадын эдийн засаг жилийн зорилтоо биелүүлж, дэлхийн эдийн засагт ч эерэг энерги нэмэрлэх чадалтай юм.