Дэлхий
АНУ-ын холбооны мөрдөгчид рэппэр Шон Комбсын хувийн эзэмшилд тусгай ажиллагаа явуулжээ
Даваа гарагт АНУ-ын холбооны мөрдөгчид рэппэр Шон Комбсын хувийн эзэмшлийн байруудад тусгай ажиллагаа явуулжээ.
Тухайлбал мөрдөн байцаах ажлын хүрээнд түүний Нью-Йорк, Лос-Анжелес, Майами дахь хувийн харшууд, ажлын байруудад нэгжлэг явуулснаа АНУ-ын дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Гэхдээ яг ямар хэрэгт холбогдуулан ийм ажиллагаа явуулсан, рэп одтой шууд холбоотой хэрэг эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.
Шон Комбсын төлөөлөгч энэ талаар байр суурь илэрхийлээгүй байна.
Гэхдээ сүүлийн үед Комбс бэлгийн хүчирхийллийн хэд хэдэн хэрэгт нэр холбогдоод байгаа.
Тухайлбал өнгөрсөн онд R&B дуучин Кэсси (Casandra Ventura) ноён Комбсын эсрэг гомдлоо Нью-Йоркийн холбооны шүүхэд гаргаж байжээ. Тэр 2005-2018 онуудад алдарт рэппэртэй хамт амьдарч байхдаа бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн юм.
Үүний дараа өөр хоёр эмэгтэй мөн Комбсыг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ.
Өчигдрийн тусгай ажиллагааны дараа Кэссигийн өмгөөлөгч Даглас Вигдор “Үүнийг ноён Комбсын ёс бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх үйл явцын эхлэл гэдэгт найдаж байна” гэж мэдэгдсэн байна.
“Diddy” хочит Шон Комбс нь хипхоп салбарын хамгийн нөлөө бүхий продюсеруудын нэг. Тэрбээр “Bad Boy Records” студийн үүсгэн байгуулагч, Грэммийн гурван удаагийн шагналт, Usher, Marry J Blige зэрэг нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан юм.
Эх сурвалж: BBC