Нийгэм
Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэх тов гарсан. Уг зорилтыгМонгол улсыг хөгжүүлэх 20:50 бодлоготой уялдуулан хүн төвтэй хот байхаар боловсруулсан гэдгийг онцолж буй. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх, орчин төвтэй шийдэл хүрээнд эко хот байгуулж, хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулах, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.
Тэгвэл “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хөгжлийн төлөөх баримт бичгүүд багадаагүй. Энэ бүхний ард мөнгө тавихгүй бол цаас л болоод үлдэнэ. Бодлогын баримт бичиг эзэнтэй байх нь чухал. 2013 онд 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг бид баталж байсан.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой. Өнөөдрийн хэлэлцэж буй зорилт өмнөх олон баримт бичгүүдтэйгээ уялдах ёстой. Өнөөдрийн 16, 18 настнууд энэ баримт бичгийн эзэд байх учиртай гэдгийг бодож боловсруулаарай. Тэд 10 жилийн дараа ямар орчинд яаж ажиллаж амьдрахыг бодож тооцоолоорой. Тэдний хүсэл мөрөөдлийг сонсохгүйгээр, мэдрэхгүйгээр бид баримт бичгээ боловсруулж болохгүй” гэлээ. ИТХ-ын даргын үгийг төсөл боловсруулагчид дэмжиж буйгаа илэрхийллээ.
“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлуулсанаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх юм.