CRI Монгол радио
Ши Жиньпин Макрон, фон дер Лейен нартай Хятад, Франц, Европын холбооны удирдагчдын гурван талт уулзалт хийлээ
Орон нутгийн цагаар өнөөдөр 5-р сарын 6-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Парисын Елисейн ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нарын хамт Хятад, Франц, Европын холбооны удирдагчдын гурван талт уулзалт хийв.
Ши Жиньпин: Ерөнхийлөгч Макрон, дарга фон дер Лейен та нартай дахин уулзаж байгаадаа маш баяртай байна. Франц бол миний энэ оны айлчлалын эхний орон юм. Өнөөдрийн гурван талт уулзалт Европт хийж буй энэхүү айлчлалын ач холбогдлыг улам нэмэгдүүллээ. Хятад улс Хятад, Европын холбооны харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс авч үзэж, Европыг Хятадын онцлогтой томоохон улс орнуудын дипломат харилцааны чухал чиглэл, Хятад маягийн шинэчлэлийг хэрэгжүүлэх чухал түнш гэж үздэг. Хятад-Францын харилцаа, Хятад Европын харилцаа бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Донсолгоо ихтэй өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Европын холбоо дэлхийн хоёр чухал хүчин болохын хувьд түншлэлийн байр сууриа тууштай баримталж, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, стратегийн зөвшилцөлд хүрэх ёстой. Мөн стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Хятад, Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулах ёстой.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад ЕХ-ны харилцаа нь дотоодын хөдөлгөгч хүч, хөгжлийн өргөн ирээдүйтэй бөгөөд гуравдагч талд чиглээгүй, мөн хараат, хяналтад байдаггүй. ЕХ-ны байгууллагууд Хятадын талаар зөв ойлголттой байж, Хятадад найрсаг нааштай бодлого боловсруулна гэдэгт найдаж байна. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, гол анхаарч буй асуудалд хүндэтгэлтэй хандаж, Хятад Европын харилцааны улс төрийн үндэс, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалах ёстой.
Макрон хэлэхдээ, энэ жил Франц Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Франц Хятадын хамтын ажиллагаа олон чухал үр дүнд хүрсэн. Франц, ЕХ-ны хувьд Хятадтай хамтын ажиллагаагаа урьд урьдынхаас илүү бэхжүүлэх шаардлагатай байна. Хятад улстай яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Франц, Хятад, Европын харилцан итгэлцэл, найрамдлыг гүнзгийрүүлэхийг Франц хүсэж байна. Европын тал “гинжин хэлхээг таслан салгах”-ыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хятадын компаниуд Европт хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг дэмжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгисийн олон янз байдал зэрэг дэлхийн сорилтыг шийдвэрлэхийн тулд Хятад улстай нягт хамтран ажиллахыг Франц хүсэж байна.
Вон дер Лейен хэлэхдээ, Европын холбоо, Хятадын харилцаа сайн байна, ирэх жил ЕХ, Хятад хоёр дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хятад улс дэлхийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Хятадтай сайн харилцаатай байх нь ЕХ-ны хувьд амин чухал юм. ЕХ Хятадын ногоон өөрчлөлт, хөгжлийн талаар гаргасан хүчин чармайлт, ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улс өөрийн хөгжлийг хамгаалах хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрч, Хятад улстай илэн далангүй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна.
Украины хямралын талаар Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Франц болон Европын тал аль болох хурдан галаа зогсоож, Европт энх тайвныг сэргээхийг хүсэж байна, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжиж байна.