CRI Монгол радио
Ши Жиньпин Сербид айлчилж эхэллээ
Орон нутгийн цагаар 5-р сарын 7-ны орой Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Белград хотноо хүрэлцэн очиж, Сербид хийх төрийн айлчлалаа эхлүүлэв. Ши Жиньпиний хөлөглөсөн тусгай онгоц Сербийн агаарын орон зайд орсны дараа Сербийн Агаарын цэргийн хүчний хоёр онгоц хамгаалан дагаж нисчээ.
Белград хотод Никола Тесла олон улсын нисэх онгоцны буудалд Ши Жиньпиний онгоц газардахад Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич гэргийн хамт, БНХАУ-тай харилцах хамтын ажиллагааны хорооны дарга, ерөнхийлөгч асан Томислав Николич гэргийн хамт, Сербийн парламентын дарга Ана Брнабич, ерөнхий сайд Милош Вучевич, Гадаад хэргийн сайд нар халуун дотноор тосч авлаа.
Александр Вучич нисэх онгоцны буудалд Ши Жиньпинийг угтах өвөрмөц ёслол хийв. Сербийн хүүхдүүд Ши Жиньпин, Пэн Лиюань нарт цэцэг өргөж, Хятад, Сербийн төрийн далбааг өргөн, үндэсний хувцас өмссөн Сербийн ард түмэн дуулж бүжиглэн халуун дотноор угтжээ.
Ши Жиньпин мэндчилгээ үгээ бичгээр илгээжээ. Уг мэндчилгээнд, Хятад, Серби улсууд гүнзгий найрамдалт харилцаатай. Энэ харилцаа нь олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт сорилтыг давж, улс хоорондын харилцаанд жишиг болсон юм. Хоёр улс 2016 онд иж бүрэн стратегийн түншлэл тогтоосноос хойш харилцаа үсрэнгүй хөгжиж, түүхэн амжилтад хүрсэн. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл чулуу мэт бат бөх, хамтран хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” төсөл үр өгөөжөө өгч, боловсон хүчний солилцоо ойртож, болд мэт найрамдалд ардын сэтгэлд шингэсэн юм. Хятад Сербийн хамтын ажиллагаа эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр орны үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна. Хятад улс Сербитэй хамтран ажиллаж, анхны зорилтоо үл умартан, гар нийлэн урагшилж, улам хүчирхэг, өргөн хүрээтэй, илүү чанартай хамтын ажиллагааны шинэ нөхцөл бий болгоход бэлэн байна. Энэхүү айлчлалаар ерөнхийлөгч Александр Вучичтэй хоёр орны харилцаа, хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, найрамдал, хамтын ажиллагааны талаар ярилцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хоёр талын харилцааны тухай хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргахыг хүсэж байна. Энэ айлчлал үр дүнд хүрч Хятад, Сербийн харилцааны хөгжилд шинэ хуудас бичнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.