Дэлхий
Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ
Зарим хүмүүсийн гаргадаг зохисгүй үйлдлийн улмаас Нью-Йорк хоттой шууд холбогддог гудамжны видео порталыг түр унтрааж байгаагаа Ирландын нийслэл Дублин хотын захиргаа өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Мягмар гарагийн оройн 10:00 цагаас эхлэн уг байгууламжийн камерыг унтрааж, зүй зохисгүй үйлдлийн дүрсийг бүдгэрүүлэх технологийг туршихаар болсон гэнэ.
“Portal урлагийн бүтээлийг хариуцдаг багийнхан хүмүүсийн цөөн хэсгийн гаргадаг зохисгүй ааш авиртай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн судлахаар боллоо. Дүрсийг бүдгэрүүлэх техникийн шийдлийг өнөөдрөөс нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч үр дүн хүссэн хэмжээнд хүрээгүй тул түр зогсоохоор болж байна” гэж Дублин хотын захиргаа мэдээлжээ.
Порталыг энэ долоо хоногийн сүүлээр дахин ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн байна.
Тавдугаар сарын 8-ны өдөр хоёр хотыг шууд холбодог видео портал ашиглалтад орж байжээ.
Тус бүр нь 2.4 метрийн диаметр, 3.5 тонн жинтэй аварга дэлгэцүүдийг Литвийн уран бүтээлч Бенедиктас Гилисийн загвараар бүтээсэн юм. Уг байгууламжийн нэгийг АНУ-ын Нью-Йорк хотын тавдугаар өргөн чөлөө болон 23 дугаар гудамжны уулзварт, нөгөөг нь Дублин хотын Норт Ист гудамж, О’Коннелын гудамжны уулзварт байрлуулжээ.
Хоёр хотын оршин суугчид тус тусын гудамжны дүрсийг интернэтээр шууд дамжуулсан дүрснээс харж болдог юм.
Гэтэл Ирландын нийслэлийн оршин суугчдын зүгээс янз бүрийн зохисгүй үйлдэл гарах болжээ.
Тухайлбал Порталын дэлгэц, камер руу өндөг шидэх, биеийн нууц хэсгээ харуулах, хас тэмдэг дүрсэлсэн цаас наах, есдүгээр сарын 11-ний халдлагын зургийг харуулах зэрэг үйлдэл гарах болсон юм.
Үүний улмаас Нью-Йоркийн оршин суугчид уг байгууламжийг “Тамын хаалга” хэмээн хочлох болжээ.
Гэхдээ иргэдийн ихэнх хэсэг Порталын хажуугаар өнгөрөхдөө гараараа даллах, инээмсэглэх зэрэг найрсаг үйлдэл үзүүлж байв.
“Долоо ч хоноогүй байхад Дублинчууд биднийг дэлхий даяар эвгүй байдалд орууллаа. Порталын өмнө очиж зогсох хэн бүхэн манай бяцхан улсыг төлөөлж байгаагаа ойлгох хэрэгтэй. Харин буруугаар ашиглаж, бүдүүлэг аашлах нь Ирландын аялал жуулчлалын салбарт урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Ийм зүйлийг харж буй хүмүүст Ирландад очих сонирхол төрөхгүй байх магадлалтай” гэж нийтлэлч Эми Донохоэ нутаг нэгтнүүдээ шүүмжлэн бичиж байжээ.
Эх сурвалж: CNN