Зөвлөгөө
Д.Чойжамц: Жаргалтай амьдралын үндэс нь хайр, нигүүлсэл юм
“Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамцыг урилаа.
-Та Азийн буддистуудын энхтайвны бага хурал, Дэлхийн буддистуудын дээд чуулган, Энэтхэг улс дахь олон улсын бурхны шашны холбооны дээд зөвлөлийг тэргүүлдэг. Энэ утгаараа дэлхийн хурдацтай хувьсал, шинэ нөхцөлд буддын шашин соёл, гүн ухаан хэрхэн хөгжиж байна вэ?
-Бурхны шашны хөгжил дэвшлийг дэлхийн болоод Азийн оршин тогтнолтой нягт холбож үзэх ёстой. Шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшил Европоос эхлэлтэй. Тиймээс XIX, XX зуун европын хөгжилтэй орнуудын төр, шашин соёлын нөлөөнд Ази тив ч хамрагдана. Тухайлбал, Лаос, Камбожи, Веьтнам гэсэн зүүн өмнөд Азийн орнууд Франц Испани тэргүүтэй улсын хамааралд байсан. Дараа нь коммунист орон болж шашин соёлоо устгасан. Хятад ч гэлээ коммунист орон болж шашин, сүм хийдээ устгасан. Түүгээр ч зогсохгүй Хойд Солонгос, Хятад, ОХУ-ын буддын шашин шүтдэг хэсгүүдэд коммунизм нэвтэрч шашин, соёл уламжлалаа устгасан байдаг. Эдгээрийг дүгнэж үзвэл буддын уугуул шашинтай улсын ихэнх нь коммунист дэглэм тогтож буддын шашны хөгжил дэвшил зогссон байдаг. Коммунист орнуудад ертөнцийн хувьсал өөрчлөлтөөр шашнаа өндөрт өргөж дэлхийд сурталчлах тал дээр дутуу дулимаг болсон байсан. Коммунист орнууд шашин шүтэх нь битгий хэл хавчигдан шахагдаж, боловсрол мэдлэгтэй лам хуваргуудаа алдаж байсан учраас бурхны шашны хөгжил дэвшил хоцрогдож ирсэн. Харин ХХ зууны сүүл, XXI зууны эхнээс Азид орчин үеийн хөгжил дэвшил ирж бурхны шашнаа хөгжүүлж болох эрх, эрх чөлөө олдсон юм. Харин коммунист бус байсан Тайланд, Мяньмар, Шриланк, Япон, Солонгост буддын шашнаа дэлхийд сурталчлан таниулж барууны орнууд болон Америк тэргүүтэй олон оронд сүм хийдээ байгууллаа.
Манай шарын шашин Далай багш 1959 онд Энэтхэг рүү гарч, 1970-аад оны үеэс олон орноор явдаг болсноор дэлгэрэх болсон ч Монгол тэргүүтэй оронд буддын гүн ухааныг судлах эрдэмтэн мэргэд бэлтгэх, цол зэрэг хамгаалах, орон хийдээ хөгжүүлэх эрх чөлөөгүй 1990 оныг хүргэсэн. Тиймээс буддын шашин нэлээд гачаалтай, дэлгэрэхэд төвөгтэй. Засгийн дарамт, барууны соёлын түрэлтэд автагдсан байснаас шашин соёлоо хөгжүүлэх боломж хомс байсан юм. Харин сүүлийн үед бурхны шашин хөгжиж олон буддист хүмүүсийн хичээл зүтгэлээр өрнө, дорногүй тархаж байна. Европын орнууд бурхны шашныг нэлээн сүсэглэн биширч сүм хийд байгуулах зэргээр түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэн дэвшүүлэх ажил өрнөлөө. 1990 оноос коммунист орнуудад шашин эрх чөлөөгөө олсон. Сүм хийд байгуулж, сүсэгтэн олондоо үнэн үгээ хэлээд зогсохгүй Далай багш тэргүүтэй эрдэмтэн лам нар гадаад, дотоодод явж бурхны шашны нигүүлсэл, энэрэл, шинжлэх ухаанлаг байдал, тархи судлал, квант физикийн шүтэн барилдлагын талаар ярьж байна. Энэтхэгийн том дацангуудад эрдэмтэн мэргэд цуглаж буддын шашны шинжлэх ухааны талаар хэлэлцэж байна. Энэ утгаараа бурхны шашны хөгжил сайжирч эхэллээ.
-Шашин дэлгэрэхийн хэрээр улс орны хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ. Улс орныг хөгжүүлэх гол үндэс нь хүн. Хүнийг шашин соёлоор төлөвшүүлдэг шүү дээ?
-Далай багш тэргүүтэй эрдэмтэн лам нар гадаад, дотоодод явж бурхан шашны нигүүлсэл, энэрэл, шинжлэх ухаанлаг байдал, тархи судлал, квант физикийн шүтэн барилдлагын талаар ярьж байна. Энэ утгаараа бурхан шашны хөгжил сайжирч эхэллээ.
-Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг шашинтай холбож ойлгох нь буруу. Тухайлбал, Европын хөгжлийг зарим нэгэн хүн шашинтай холбодог. Гэтэл Европын хөгжил XVIII-XIX зуунд шинжлэх ухаан дэлгэрч түүний ололт амжилтыг амьдралдаа хэрэгжүүлж ирснээс үүдэлтэй. Түүнээс өмнөх зайнд Европ, Ази аль нь ч хөгжил буурай л байсан. Орчин үеийн хөгжил дэвшил шашин биш шинжлэх ухаантай холбоотой гэдэг нь хэн бүхэнд илэрхий. Харин шашныг тухайн орон ард түмэн хэр зэрэг ёс суртахуун, ёс зүйтэй. Буян нүгэлийн ялгааг мэдэж, биенийгээ хайрлан энэрэх, ёс суртахуунтай байж чадаж байгаа эсэх талаас нь харах нь зүйтэй болов уу.
ХХ зууны эхэн үед Монгол оронд зочилж байсан гадны хүмүүс Монгол болон Их хүрээнд ирсэн тухайгаа намуун тайван, эвсэг найрсаг зочломтгой ард түмэн байна хэмээн бичиж үлдээсэн байдаг. Лам нар хайлан хурлаа хураад хөдөө нэлээн урт хугацаатай амардаг. Тэр үед их хүрээнийхэн цоож цуургагүй сөхдөг эсгий үүдтэй. Үүдэн дээрээ мод босгоод эзэнгүй гэдгээ мэдэгддэг. Ямар нэг хулгай, худал явдалгүй. Хулгай хийх нь битгий хэл бороо орвол хажуу айлынхаа өрхийг нь тэгшилж, арилахаар өрхийг нь хатаадаг их найрсаг ард түмэн байсан. Орон нутгаараа нэгэндээ тусалж, эвтэй зүйтэй амьдарч ирсэн. Хүн амины хэрэг гэдэг өдрийн од шиг байлаа гэж хөгшчүүд ярьдаг сан. Хааяа нэг хүн амины хэрэг гарахад хошуу нутгаараа ярьж гэр орноо ариутгадаг тийм л ёс зүйтэй, буян нүгэлийг харгалздаг байсан үе. Одоо ч гэсэн бурхны шашныг ард түмэн эвтэй, найрамдалтай, ёс зүйтэй, буян нүгэлийг харгалзаж үзэх талаас нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Орчин үе ч ингэж шаардаж байна. Чингисийн үед дэлхийд алдрыг олоход сэлэм хэрэгтэй байсан бол одоо хөгжилтэй орнуудын өмнө хүч үзэж омог гаргаад ашиг олох боломжгүй. Оюун ухааны хөгжил, эв найрамдал, хаана ч явсан ёс зүйтэй байх явдал л хамгийн чухал болсон. Хэлсэндээ хүрдэг, ёс суртахуунтай, итгэж болох ард түмэн гэдэг алдар л ирээдүйн хөгжилд хэрэг болно. Орчин үеийн Монголын хөгжилд ёс зүйн хүмүүжил, оюун санааны хувьсал гарцаагүй хэрэгтэй.
-Тэгвэл ёс зүйтэй, жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?
-Ёс зүйт нийгэм бол хөгжлийн суурь. Харин хууль бус үйлдэл, хүний өгөөгүйг авах бусармаг байдал, арван хар нүгэлийг хийгээд эхэлбэл итгэл алдарч, нэгнээсээ улам холддог. Итгэлцэл байхгүй бол хардлага сэрдлэгэ муу бүхэн дэвэрдэг. Тиймээс жаргалтай нийгмийг бүтээж, өөрсдөө болоод өрөөлд сайхан амьдралыг авчрахын үндэс нь хайр, энэрэл, нигүүлсэл юм. Нэгнээ хүндэтгэж хайрладаг, бусдын сайн сайхныг бодож чаддаг, эв зүйтэй байхын дээр шинжлэх ухаан техник, боловсрол, түүх соёлын мэдлэг монголчуудад хамгийн хэрэгтэй байна.
-Итгэл үнэмшил дээр дөрөөлж сайн, муу янз бүрийн зүйл хийдэг боллоо. Тэгвэл итгэл үнэмшилтэй байхын сайн болоод сул тал нь юу юм бэ?
-Ёс суртахуун доройтож буян нүгэлийг ялгахгүй болж эхлэхтэй зэрэгцээд итгэл алдагддаг. Хүн амын ихэнх хэсэг ёс суртахуунтай, итгэл даадаг болоод ирвэл хамгийн сайхан нийгэм цогцолно. Харин ёс бус зүйл хийдэг хүмүүс олшрох тусам итгэлцэл сулардаг. Итгэл үнэмшилд биш өөрсдөдөө буруу өгөх хэрэгтэй. Олонхиороо ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, шударга байж нэгнээ хүндэлж, хамтарч чаддаг бол хамгийн зөв, сайхан нийгэм байх болно.
-Магадгүй бурхны сургаалийн талаар төдийлөн мэдлэг ойлголтгүй шинэ үе гарч ирж байна. Гэтэл бурхны сургаалийг ойлгох нь сүсэгтэн олны үүрэг юм уу. Эсвэл бурхны сургаалийг түгээн дэлгэрүүлэх нь шашны үүрэг үү?
-Бурхны шашин болоод бидний уламжлалт соёл, зан заншил, нүүдэлчин амьдралд хүндэтгэл, ёс заншил, итгэл оршиж байдаг. Нүүдэлчин амьдрал итгэлцэл дээр тогтдог. Хошуугаараа мал маллаж хамтарч аж ахуйгаа өөд нь татдаг байсан. Үүн дээр бурхны шашин дэлгэрч ёс зүйтэй, буян нүгэлийг ялгах ёс суртахуун тогтоож өгсөн. Энэ бүгд бидний уламжлалт зан заншил, соёл юм.
Шашныхаа дээд зэрэглэлийн эрдэмтэн мэргэдийг 1937 онд хэлмэгдүүлж, оюуны удирдагч байсан хувилгаад хутагтаа газрын хөрсөнд шингээсэн. Дунд зэргийнхийг нь шоронд хорьж, тэд эрх чөлөөтэй золголгүй бурхны оронд морилсон. Бурхны шашин 1990 онд бараг л шинээр эхэлсэн гэж хэлж болно. Энэ үед бурхны шашныг таниулж ард түмний дунд явдаг хүн байсангүй. Байгаа хэдэн өвгөчүүл нь чадал тэнхээгүй. Энэ үед Монголын бурхан шашны төв хийд бүхий л суурь боломжоо ашиглаж шашны төвөө боловсролын суурь болгох зорилгыг тавьсан. Хамгийн эхэнд ард түмэнд хандахаас илүү өөрсдийгөө боловсруулах шаардлага тулгарсан учраас буддын философийг логикоор үздэг дацандаа сургалт явуулах зэргээр чамгүй анхаарч ирлээ. Коммунизмын үед алдагдсан, дотроос нөхөж авах бололцоогүй сургалтын зүйл ч их байсан. Бурхны шашинд багадаа 17-20 жил ном үзэж байж зэрэг цолоо хамгаалж байж ард түмэнд номоо түгээдэг байсан бол бидэнд тийм боломж байсангүй. Тиймээс шашны боловсролыг хурдавчилсан байдлаар зургаан жилийн сургуулийг тав, дөрвөн жил болгож, цогчин ангиудыг нээж зохион байгуулалтыг өөрчлөх ажлуудыг хийлээ. Үүний үр дүнд аймгийн төвийн хийдүүд нэлээд бэхэжлээ. Харин сумдад жаахан хүрэлцээ муутай байна. Буддын шашны бага, дунд, дээд гэсэн сургалтыг шинээр бий болгохын тулд нэлээд ажил зохион байгуулсан. Түүгээр ч зогсохгүй орчин үеийн боловсрол, буддын гүн ухааныг хослуулах зорилго тавьсан. Хүүхдийг багаас нь уламжлалт хүмүүжилтэй болгох үүднээс цэцэрлэг байгуулж, аав ээжтэй нь ч зөвлөлдөж хүүхэд хүмүүжүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн арван жилийн боловсрол олгож дацангууд руугаа хуваарилж байна. Шинэ зүйлийг төлөвшүүлэх ажил хүндрэлтэй ч хичээж байна даа. Энэтхэгт ном эрдэмд шамдаж байгаа хүүхэд ч олон байна. Тэнд сурахдаа эх хэл, түүх, уран зохиолоо орхигдуулахгүйн тулд Монгол орчин нөхцлийг бүрдүүлж байгаа. Түрүүчээсээ гадаадад дээгүүр зэрэг цолтой гавж, гэвш, лхаарамба болж ирж ард түмэнд буддын гүн ухааныг дэлгэрүүлэн түгээж байна. Энэ бүгдийн төлөө 20 гаруй жил зүтгэхдээ багагүй бэрхшээл туулсан.
Буддын гүн ухааныг тайлбарлан таниулж, түгээхэд хэд хэдэн садаа байна.Коммунизмын үед сурч боловсорсон хүмүүс болон коммунизмын үзэл суртал болсон киног давтан үзүүлдэг нь дахин ангич, намч үзлийг бий болгож шинэ үүсч байгаа хөрөнгөтнүүдийг язгуур үндсээр нь гадуурхах, шашин шүтлэгээр нь доромжлох байдлыг бий болгосоор байгаа нь шашин дэлгэрэхэд их саадтай байна. 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар уг нь бүгд эрх тэгш болсон л доо. Гэвч одоогийн сургалтын хөтөлбөрийг олигтой шинэчилсэнгүй. Үндсэн хуулийн зарчмаа ярихгүй ангич намч үеийн хичээл сургалт явуулсаар байгаа нь залууст хорлолтой. Тухайлбал, коммунизмын үед гарч байсан урлагийн бүтээлүүдийг зурагтаар гаргахдаа бодууштай. Алтан үеийнхний жүжигчлэлтийн хувьд маш сонин боловч коммунист, ангич намч үзлээр түүхийг гажуудуулсан учраас үзэгчид болгооно уу гэсэн тайлбартай гаргаж болно. Манайх бол тэр чигт нь олон нийтэд үзүүлдэг учраас залуу үеэ эргээд хуучин уламжлал буюу лам нар, баячуудыг ад үзүүлдэг коммунист сэтгэлгээ суулгаад байна.
Зах зээлийн нийгэмд үндэстний хөрөнгөтнүүд үүсэн бий болж байж хүмүүсийг ажилтай болгодог. Гэтэл энэ хүмүүсээ баян чинээлгээр нь дуудаж хавчиж гадуурхаж эхлэхээр эргээд коммунист нийгэм рүү унах аюултай. Буруу, зөвийг нь ялгаж чадахгүй хуучин нийгэм рүү улам шигүүлж байгаа нь нийгэм, шашин, уламжлалт зан заншилд ч хоригтой юм.
-Аливаа шашинд олон нийтийг итгүүлж үнэмшүүлэх бодлого анзаарагддаг. Эцэг эхээр нь дамжуулахаас гадна таны саяын дурдсан хуучны киноны агуулга ч гэсэн далд бодлого байх нь?
-Уламжлалт зан заншил, соёлоо хэрэгжүүлэхдээ хэнээс ч ондоошсон монгол хэлбэрээ алдахгүй байх тэр дархлааг бий болгоход шашингүйгээр огт бүтэхгүй.
-Шашин бүрт зарчим бий. Европын соёл, шашныг дагаад олон бодлого явагдаж байна. Хүний шашин шүтэх эрхийг зөрчиж байгаа үзэгдэл ч хүрээгээ тэллээ. Зөвхөн шашнаа л дэлгэрүүлэхийн тулд бага насны хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй сүм хийд рүү авч явдаг. Гудамжинд явуулахгүй, гэрт нь тайван суулгахгүй элдэв ном бичиг өгдөг үзэгдэл дэлгэрсэн. Эд зүйлсээр дамжуулж шашинд уруу татаж байгаа хэлбэр ч бий. Мөн шашнаа түгээхийн тулд аливаа баяраар шашингүйн үзлийг сурталчилсан киног захиалж гаргаж байгаа нь ардчилсан нийгэм байгуулахад их саадтай. Хуучин “тархи” үйлдвэрлэж байна гэсэн үг дээ. Авьяаслаг жүжигчдийн тоглолтыг харсан хүүхдүүд яг л тэр чигээр нь хүлээж авч итгэж үнэмшинэ. Энэ бол орчин үед шинээр коммунистуудыг төрүүлж байгаагаас өөрцгүй. Үүнийг анхаарч хууль журам болоод олон улсын тунхаглалыг дагах хэрэгтэй. Үгүй бол шашин соёл өрсөлдөөн, солилцоонд орохоос эхлээд ард түмэн үймэх аюултай шүү дээ.
Үндсэн шүтлэг нь буддын шашинтай улс оронд албадлагын журмаар ийм зүйл хийж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Буддын шашинд бол бурхан багш алтыг гурван янзаар шинжилдэг. Үүнийхээ дараа миний шашинд орж ирээрэй гэж хэлснээс биш миний үзэл бодлыг албадлагаар түгээн тараа гээгүй. Шашин тухайн хүний дур сонирхол, хүслийг дагаж байх учиртай. Тус тусынхаа хүслийг дагавал өрсөлдөөн хэрүүл тэмцэл гарна.
-Үүнд хэрхэн анхаарах вэ. Хүүхдүүдийн хувьд боловсролын байгууллага чухал үүрэгтэй шүү дээ?
-Шашны эрх, эрх чөлөө хоорондын тэмцэл гаргахгүй байхад хуулийн байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам онцгой анхаарах ёстой. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй эргэл мөргөл, шүтлэг бишрэлийг сурталчилсан зүйлсийг хийх ёсгүй. Бас ч хуультай байтал сургуулийн хүүхдүүдийг үүднээс нь автобусанд суулгаад явахыг зүгээр орхиж боломгүй. Одоохондоо шашин хоорондын тэмцэл байхгүй мэт байна. Сул тавьж хууль дүрмээ хэрэгжүүлэхгүй бол шинээр өсч бойжиж буй залуус болон лам хуврагууд нэг л өдөр бужигнаж мэдэх юм шүү. Ялангуяа, олон нийтийн сүлжээг маш анхааралтай харах цаг нь болжээ. Энд шашин хоорондын тэмцлийн үр хөврөл боловсорч байгаа шүү.
-Тэгвэл итгэл үнэмшилгүй, шашингүй хүмүүс аюултай юу?
-Шүтэх, эс шүтэх нь хүний эрх. Гэхдээ уламжлалт зан заншил, соёлыг заавал анхаарч үзэх учиртай юм болов уу. Далай багш Европт очоод “Нийгмээрээ Христосын уламжлал, зан заншил үйлчилж байгаа учраас та ганцаараа өөр шашин шүтэх нь нийгэмдээ сондгой хүн болох аюул гарч мэднэ. Тиймээс та бүхэн Христосоо шүтсэн нь дээр биз дээ” гэсэн байдаг. Буддын оронд ирэхдээ уламжлалт зан заншил, соёлоо авч явах, уламжлалт шашнаа шүтэхийг уриалдаг.
Монголчуудын олон зууны уламжлал, зан заншил соёл, амьдралын хэвшил буддизмээс тогтсон. 2000 жилийн өмнөөс буддын шашин дэлгэрсэн учраас монголчуудын хөдөлгөөн, харилцаа, хандлага бүгд энэ шашинтай холбоотой. Тиймээс Монгол Улсын аюулгүй байдлын чухал хэсэг нь монгол хүний дархлаа юм. Уламжлалт зан заншил, соёлоо хэрэгжүүлэхдээ хэнээс ч ондоошсон монгол хэлбэрээ алдахгүй байх тэр дархлааг бий болгоход шашингүйгээр огт бүтэхгүй. Буддын оронд төрсөн, манайх шиг цөөхөн хүн амтай оронд залуучууд сайн бодож ухаарч, судлах хэрэгтэй дээ.
-Монголчууд нийтээрээ нэг өдөр шинэлж чадахгүй он тоолол зөрөлдөж ирлээ. Шашныхан цугларч хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрч болдоггүй хэрэг үү?
-Төгс буянтын зурхайгаар явъя гээд нэгдсэн шийдэлд хүрчихсэн юм. Засгийн газрын тогтоол шийдвэр ч гарсан. Ганц нэг хүн зөрүү ярьж ард түмнийг үймүүлдэг, түүнийг нь зарим мэдээллийн хэрэгсэл дэвэргэдэгт хамаг учир байна.
Цагаан сарыг улс болгон нэг өдөр тэмдэглэдэггүй. Монгол төгс буянтын зурхайгаар шинэлэхэд Хятадаас гурван жилдээ нэг сарын зөрүү гардаг. Өөрсдийнхөө явж ирсэн зан заншил, соёл уламжлал, ард түмний итгэл үнэмшлийг дагах учиртай. Цаад учир нь 1911 онд тусгаар тогтноод Манжаас тусгаарласныг бэлгэдсэн он тоолол юм. Монгол Улс гэсэн нэрээ сольж, олноо өргөгдсөн он тоолол гэж хэрэглэсэн нь тусгаар тогтнолын утга учрыг илтгэж буй юм. Манжийн дагавар маягтай байхад манжийн тооллыг хэрэглэхийг шаардаж байж. Харин ард түмэн болон сүм хийдүүд төгс буянтын зурхайгаа хэрэглэсээр ирсэн.
-Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байгаагийнх хулгана жилийн өнгийг хэрхэн тольдож байна вэ?
-Шинэ он бол цаг хугацаа, бидний амьдралын үргэлжлэл учраас жил солигдоход огт өөр болохгүй л дээ. Хулгана жилийн өнгийг харахад зуны эхэн үед жаахан бороо хур багатай гэмээр. Харин жилийн дундаас сайхан бороо хур орж тариа ногоогоо бүтэн авч болохоор юм уу гэмээр зурхайд харагдана лээ.
Хүн ардын тухайд дажгүй. Өнгөрсөн жилийн зурхайд дээдэст ширүүн гэсэн бол энэ жил мөн л дээдэст ширүүн. Гэхдээ маш ширүүн хэцүү нь дунд албан тушаалын дарга нар дээр ирнэ гэж гарсан байна лээ. Тэгэхээр дээд шатны хариуцлага доош бууж ирэх бололтой. Зөв зүйтэй, сайн сайхан болоход шударга журам хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлж, ёс зүйтэй байх учиртай. Зурхайд ингэж буусан учраас гарцаагүй хуулиа хэрэгжүүлж, ёс зүйтэй, шударга байх хэрэгтэй юм байна гэсэн бодол надад төрсөн.
-Өнгөрсөн жил Бурхан шашны төв хийд Батцагаан дуганаа нээж, олон улсын нэр хүндтэй хурал зөвлөгөөн ч олныг зохион байгууллаа. Шашин номоо хөгжүүлэх ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Сул тавьж хууль дүрмээ хэрэгжүүлэхгүй бол шинээр өсч бойжиж буй залуус болон лам хуваргууд нэг л өдөр бужигнаж мэдэх юм шүү.
-Өнгөрсөн он Монгол Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болоод лам хуварга, сүм хийдүүдийн хувьд олон ажил амжуулсан үр бүтээлтэй жил байлаа. Олон жил барьсан шинэ дуганаа хүлээн авч нээлтээ хийлээ. Зургадугаар сард Азийн буддистуудын энхтайвны бага хурлыг хийж барагтай оролцдоггүй Хойд Солонгос хүртэл зорьж ирлээ. Дэлхийн эдийн засгийн болоод оюун санааны эгзэгтэй нөхцөл байдалд Азийн буддистуудын энхтайвны бага хурлыг сэргээх олон улсын шаардлагын үндсэн дээр шашин соёл шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар ярьж хэлэлцсэн их сайхан хурал боллоо. Үйл ажиллагаа жигдрэх хүртэл жил болгон хуралдаж байхаар тохирсонд улс орнууд урамтай байгаа.
Мөн Энэтхэгийн ерөнхийлөгч Моди санаачилж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ивээлдээ авч ирсэн Санбат хэмээх том хурлын гурав дахь удаагийнх өнгөрсөн намар манай улсад боллоо. Энэ үеэр хүн төрөлхтний соёл, заншил уламжлалын хамгийн өнгөтэйг нь дэвшүүлж гаргая. Ази бол ёс зүй, энэрэл хайр, нигүүлсэл талдаа агуу соёлтой ард түмэн. Үүнийгээ гаргаж ирэх нь дэлхийд хүч хэрэглэхгүй энхтайванч байхад хэрэгтэйг онцоллоо. Дараа нь Богд ламын 600 жилийг тэмдэглэхдээ Халимаг, Буриад, Тува, Алтайн хязгаарын бүгд найрамдах улс, Өвөрмонгол тэргүүтэй олон монгол үндэстэн ястаныг оролцуулсан. Мөн Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн VIII Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар орон даяар өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ цаг үед түүний Монголын төлөө мятрашгүй зүтгэсэн үнэн түүхийг гаргаж ирлээ.
Монголын бурхан шашинтны чуулган хоёр удаа хуралдаж бурхны шашны хөгжлийн 40 жилийн төлөвлөгөө баталлаа. Юм элбэг болж уул овооны тахилгад их өөрчлөлт гарлаа. Ёс зүйгүй хүндэтгэлгүй их хадаг уяж, өргөл болгож идэж уух юмсыг хог шиг овоолж ёс заншлаа мартаж байна. Тиймээс байгаль орчныг хамгаалахад найман жилийг төлөвлөсний дотор уул овооны тахилгыг цэгцэлж, дүрэм журамтай болгож ёс заншлыг таниулсан ном хийхээр ярилцаж байна. Энэ мэтээр коммунизмын үед алга болсон ёс заншлыг дахин сэргээхдээ замбараагүй болсон ажлуудыг хумьж, дэг журамд оруулахгүй бол болохгүй нь.
Бурхан багшийн их дүйчин өдрийг амралт болгосонтой холбоотойгоор комисс байгуулагдаад ажиллаж байна. Баяруудыг зорилго чиглэлийн дагуу ёс зүйтэй тэмдэглэн өнгөрүүлдэг болгоход бурхан багшийн их дүйчин өдрийг үлгэр жишээ болгох зорилго тавин ажиллаж байна.