Улс төр
А.Н.Евсиков: Манай хоёр орон бол үндэстэн хоорондын сайн хөршийн харилцааны жишиг орон

Өнөөдөр хойд хөрш ОХУ-д Оросын үндэсний өдрийн баяр тохиож байна.
Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг Оросын өдрийг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Манай хоёр улс бол соёл хоорондын харилцан ойлголцол, шашин шүтлэг, үндэстэн хоорондын сайн хөршийн харилцааны жишиг орон бөгөөд уламжлалт үнэт зүйлсийг баримтлагч, хадгалан хамгаалагч мөн. Энэ өнцгөөс шинэ колониализмын шинжийг агуулсан бүх үндэстнүүдийг дээд, доод зиндааных хэмээн ялгаварлан гадуурхаж буй “дүрэм” гэгчид тулгуурласан биш харин НҮБ-ын Үндсэн дүрэмд тусгасан түгээмэл зарчмыг тулгуурлан олон туйлт шударга тогтолцоо бат оршихын төлөө Орос Улс тууштай дуугардаг” гэлээ.
А.Н.Евсиков мөн “Хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэхэд бид ганцаардахгүй. Оросын баримталж буй бодлого Ази, Африк, Латин Америкт дэмжлэг аваад байгаа. Европ тивд ч дэлхийн үйл явдлын хэтийн төлөв, олон улсын болон бүс нутгийн маргалдаан сөргөлдөөн гарах шалтгааныг бодитоор харж эхэлсэн нь тэмдэглүүштэй.
Барууны орнуудын зүгээс бидэнд төрөл бүрийн 20 мянга гаруй хориг арга хэмжээ тавих ял оногдуулж, шийтгэсэн. Энэ нь жинхэнэ төрийн тусгаар тогтнол, тэр дундаа технологи, санхүү, боловсролын бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн манай Ерөнхийлөгч В.В.Путины барьж байгаа бодлогын үнэн зөв гэдгийг нотлон харуулж байна” гэв.
Оросын өдөрт зориулан Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яаман дээр ОХУ-ын үндэстэн, соёлын олон янз байдал, 2024 онд тус улсад тунхагласан “Гэр бүлийн жил”-д зориулан “Ээж ба хүүхдүүд үндэсний хувцастай” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.
