CRI Монгол радио
Хятадын ГХЯ-ны 7-ны өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 6 дугаар сарын 7-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
“Бүс ба Зам” санаачилгын сайн мууг хамтран бүтээн байгуулж буй орнуудын ард түмэн дүгнэх эрхтэй
Америкийн ерөнхийлөгч Жо Байден саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бүс ба Зам” санаачилгын тухай ярьжээ.
Мао Нин энэ талаар хэлэхдээ, “Бүс ба Зам” санаачилга сайн муу эсэхийг хамтран бүтээн байгуулж буй орнуудын ард түмэн дүгнэх эрхтэй, үг хэлэх эрхтэй. “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлсэн 10 жилийн турш Хятад улс 150 гаруй улс, олон улсын 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны 200 орчим баримт бичигт гарын үсэг зурж, эл санаачилга эдүгээ хамгийн өргөн цар хүрээг хамарсан олон улсын хамтын ажиллагааны талбар болж, хамтран бүтээн байгуулж буй орнуудын ард түмэн бодит ач тусаа хүртээсэн юм гэжээ.
Дэлхийн хөгжлийн санаачилгыг өргөжүүлэхэд Хятад улс бэлэн
Женевт суугаа төлөөлөгчдийн газар Өчигдөр НҮБ-ын олон үндэстний ордонд Женевт суугаа Хятадын төлөөлөгчдийн газраас “Дэлхийн хөгжлийн санаачилгын нөхөрлөлийн бүлэг” семинар зохион байгуулав. Энэ нь тус бүлгийн Женев дахь анхны албан ёсны арга хэмжээ болж байгаа юм.
Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, тус семинар олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулахад анхаарлаа төвлөрүүлж байна. 2021 оны 9 дүгээр сард Ши Жиньпин дарга Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсэн. Мөн ондоо Дэлхийн хөгжлийн санаачилгын нөхөрлөлийн бүлэг Нью-Йорк хотноо байгуулагдсан юм. Сүүлийн 2 жилд 100 гаруй улс, олон улсын байгууллага энэхүү санаачилгыг дэмжиж, “нөхөрлөлийн бүлэг”-т нэгдсэн бөгөөд өдгөө нэгдсэн орны тоо 80-ыг даваад байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран эл санаачилгыг ажил хэрэгчээр улам ахиулахад Хятад улс бэлэн гэжээ.
Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа түргэн хөгжихийг хүсэж байна
Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийн тухай гурван орны засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 6-ны өдөр Бээжинд болов.
Үүнд холбогдуулж хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, 1996 онд Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийг анх Узбекистан улс санаачилсан. Сүүлийн 30 жилд гурван орон төслийн тухайд олон удаа зөвшилцсөн бөгөөд өнгөрсөн оны 5 дугаар сард техник, эдийн засгийн тайлан гаргасан юм. Сүүлийн нэг жилд гурван тал идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох чухал асуудлаар санал зөрөлдөөнөө арилгаж чадсан тул 6-ны өдөр Бээжинд засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Төсөл нь гурван орон хамтын ажиллагааг эрэлхийлж, хөгжлийг хамтдаа дэмжих нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж, гурван орон, тэрчлэн төв Азийн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дорвитой ахиулж, “Бүс ба Зам” санаачилгын чухал ач холбогдлыг дахин гэрчлэх болно. Мөн бүс нутгийн ард түмний хамтын хөгжлийн зам, найрамдлын зам, аз жаргалын зам болж, Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа түргэн хөгжихийг бид хүсэж байна гэв.
Газрын зурваст гал зогсоохын төлөө Хятад үргэлжлүүлэн чармайна
Саяхан Бангладешийн ерөнхий сайд Хасина тус оронд суугаа Палестины элчин сайдтай уулзахдаа “Барууны орнууд үргэлж хүний эрхийн тухай ярьдаг ч Палестины хүний эрхийг зөрчиж, гэм зэмгүй хүмүүсийн амийг хөнөөж буйд хайхрамжгүй, чимээгүй байдаг”. Бангладеш улс Палестины ард түмний зовлон зүдүүрийг ойлгож, олон улсын тавцанд энэ тухайгаа мэдэгдсээр байна гэжээ.
Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, урт хугацаанд Америк “Хүний эрх” гэгчээр халхавч хийж, бусад орны дотоод засаглалд бүдүүлгээр оролцож ирсэн мөртөө Палестины ард түмний зовлон зүдүүрийг үл тоож, бүр ч “гал дээр тос нэмж” байгаа нь Америкийн давхар стандарт, дээрэнгүй үзлийг илчилж байгаа юм. “Америк маягийн хүний эрх” гэдэг нь аль эрт тус орны дээрэнгүй үзэл, амин хувиа бодсон ашиг хөөцөлдөх хэрэгсэл болсон юм.
Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн улс болохыг дэмжинэ. Бангладешийг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Газын зурваст гал зогсоож, Ойрх дорнодын бүс нутагт өнийн энх тайван тогтоохын төлөө цуцалтгүй зүтгэхэд Хятад улс бэлэн гэжээ.