Дэлхий

Ройтерс агентлагийн ажилтан Украинд ажиллаж байхдаа Оросын пуужингийн цохилтод өртжээ

Нийтэлсэн

Дорнод Украины Краматорск хотын нэг зочид буудал Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр нэг ажилтан нь алагдаж, хоёр сэтгүүлч шархадсан тухай Ройтерс агентлаг Ням гарагт мэдээлжээ.

Амь үрэгдсэн Райан Эванс нь Ройтерс агентлагт аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг байсан юм байна. Тэрбээр Украины дайныг сурвалжлахаар томилогдсон Ройтерсын зургаан хүнтэй багийн нэг гишүүн байжээ.

Шархадсан хоёр сэтгүүлчийн нэгийнх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт байгааг тус агентлаг бас мэдээлсэн байна.

Британийн армийн алба хаагч асан 38 настай Эванс 2022 оноос хойш дайн мөргөлдөөний бүс нутагт ажиллах Ройтерсын сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллаж байжээ.

“Бид Райаны гэр бүл болон ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Райан манай олон сэтгүүлчдэд дэлхийн өнцөг булан бүрд болж буй үйл явдлыг сурвалжлахад тусалж байлаа. Бид түүнийг маш их үгүйлэх болно” гэж Ройтерс агентлагийн эмгэнэлийн мэдэгдэлд бичсэн байна.

Агаарын цохилтын үеэр зочид буудалд байсан бусад гурван сэтгүүлчид ямар нэг аюул учраагүй, эсэн мэнд байгааг агентлаг мэдээлжээ.

Краматорск хотын зочид буудал Бямба гарагт Оросын алсын тусгалын баллистик пуужин Искандерт оногдсоныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдрийн мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрбээр Оросын тал иргэний барилга байгууламжийг санаатай онилсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ройтерс агентлаг ОХУ-ын батлан хамгаалах яамнаас энэ талаар тодруулахад хариу өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version