Энтертайнмент
ИХ БРИТАНИ: Өндөр мэргэжлийн, чадварлаг ажилчдад л виз олгоно
Европын холбооноос гараад удаагүй байгаа Их Британи улс цагаачлалын хууль дүрэмдээ эрс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг тус улсын засгийн газраас мэдээлжээ. Их Британи улс гадаадын чадвар муу, энгийн ажилчдад виз олгохгүй байх журмыг танилцуулах юм.
Их Британийн засгийн газраас улсынхаа компани, аж ахуй нэгжүүдийг чадвар муутай, хямд ажиллах хүчнээс татгалзахыг уриалсан байна. Мөн компаниудыг ажиллах хүчээ хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалснаас гадна орчин үеийн автоматжуулах системийг үйл ажиллагаандаа аль болохоор нэвтрүүлэх хэрэгтэйг зөвлөжээ. 2020 оны 12 дугаар сарын 31-нд Их Британи болон Европын орнуудын хооронд иргэд сул чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг зогсооно. Үүний дараагаар Их Британийн засгийн газар цагаачлал болон визийн журамдаа эрс өөрчлөлт оруулах төлөвлөж байгааг мэдээлжээ.
Тус улсын Дотоод хэргийн сайд Прити Пател шинэ систем хэрэгжиж эхэлснээр хамгийн шилдэг, чадварлаг хүмүүс Их Британид ажиллахаар ирдэг болно гэдгийг онцолжээ. Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар Их Британи уруу чиглэсэн европын цагаачдын урсгалыг бууруулахыг зорьж байгаа учраас ийм арга хэмжээг авч эхэлжээ. Их Британид ажиллахыг хүссэн иргэдэд хэд хэдэн шалгуурыг тавьж, тэдний ур чадварыг үнэлэх юм. Тодруулбал, цагаач ажилчид Англиар ярьдаг байх ёстойгоос гадна Их Британи дахь компани, ажлын байр олгогчоосоо урилга урьдчилан авах ёстой.
Дээрх шаардлагыг биелүүлж байгаа тохиолдолд 50 оноог авна. Ер нь Их Британид ажиллахыг хүссэн иргэд нийт 70 оноог авч байж тус улс уруу нэвтрэх боломж бүрдэх юм. Их Британид одоогоор ажиллаж, амьдарч байгаа 3.2 сая Европын цагаач иргэд цаашид тус улсад үргэлжлүүлэх ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учраас ажиллах хүчний дутагдалд орохгүй гэдгийг засгийн газраас онцолжээ. Мөн Их Британийн засгийн газраас улирлын шинж чанартай ажлуудад гаднаас ажиллах хүчин авна гэдгээ илэрхийлсэн ч мөн л тодорхой хэмжээний шалгуурыг тавих юм.