CRI Монгол радио
БРИКС-ийн орнууд засаглалын шинэчлэлийг уриалж, Хятад улс хамтын ажиллагааг эрэлхийлж байна
“БРИКС-ийн орнууд болон шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнуудын хамтын хүчирхэгжилт дэлхийн газрын зургийг үндсээр нь өөрчилж байна”. “БРИКС-ийн энэхүү эерэг, тогтвортой, эерүү хүч чадал нь хурдацтайгаар хөгжин цэцэглэж байна” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцолсон байдаг. Тэгвэл Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг Хятадын Ардын Их Сургуультай хамтран БРИКС-ийн орнуудын 1634 иргэний дунд хийсэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь БРИКС-ийн хүчирхэгжилт дэлхий дахины засаглалд шинэ хурдасгуур болж, илүү шударга, тэгш байдалд тулгуурласан олон улсын дэг журмыг байгуулах нь зайлшгүй хэмээн үзсэн байна.
**Хөгжлийн шаардлагыг үл ойшоож болохгүй, дэлхий дахин засаглалын шинэчлэлийг түргэтгэхийг хүсэн хүлээж байна**
Орчин үед эдийн засгийн даяаршил эсэргүүцэлтэй тулгарч, олон талт болон ганц талт үзэл, шударга голч байдал болон дарангуйллын хоорондын зөрчил улам хурцдаж байна. Түүнчлэн бөмбөрцгийн умард болон өмнөдийн орнуудын хөгжлийн ялгаа гүнзгийрсээр… Цөөн хэдэн хөгжингүй орнуудын удирддаг олон улсын дэг журмын суурь бүтэц болон гүн давхаргын зөрчил улам бүр тодрон гарч ирж, илүү шударга, тэгш олон улсын шинэ дэг журмыг байгуулах нь БРИКС-ийн орнуудын гол эрэлт шаардлага болсон. Судалгааны дүнгээс үзэхэд, оролцогчдын 96.2 хувь нь улс орнууд олон улсын харилцаанд тэгш эрхтэй оролцож, хамтдаа олон улсын дэг журмыг бүрдүүлэх ёстой гэж үзсэн бол, 72.6 хувь нь одоогийн хөгжингүй орнуудын давамгайлдаг олон улсын дэг журам, дүрэмд шаардлагатай өөрчлөлт хийхийг дэмжсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 83.9 хувь нь НҮБ “дэлхийн өмнөд буюу хөгжиж буй орнууд”-ын эрх ашиг, шаардлагад илүү анхаарал хандуулахыг уриалжээ.
“Олон улсын дэг журамд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай зүйлүүд” асуултад хариулсан БРИКС-ийн орнуудын оролцогчдын 63.6 хувь нь олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгохыг шаардсан бол 60.2 хувь нь хөгжиж буй орнуудын төлөөлөл, үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг хүссэн байна. Мөн 56.8 хувь нь олон улсын хуулийн эрх мэдлийг хүндэтгэх ёстой гэж үзсэн бол 55.9 хувь нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Судалгаанд оролцогчдын 49.6 хувь нь аль нэг улс нөгөөгөө цэргийн хүчээр дарамтлахыг эсэргүүцсэн бол, 48.7 хувь нь олон улсын тусламж, мэдлэг хуваалцах, технологи шилжүүлэх замаар хойд ба өмнөдийн зөрүүг багасгахыг хүсэж, 45.8 хувь нь худалдааны саад тотгор болон протекционизмын арга хэмжээг багасгахыг уриалжээ.
**Гурван том санаачилга нийтлэг үзэл санаа болж, БРИКС-ийн орнууд Хятадын илүү олон шийдлийг хүлээж байна**
Удаан хугацааны туршид энх тайвныг эрэлхийлэх, хөгжлийг эрмэлзэх, хамтын ажиллагааг дэмжих, харилцан ашигтай байлгах нь БРИКС-ийн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл, үүрэг хариуцлага байсаар ирсэн. БРИКС-ийн үүсгэн байгуулагч орны нэг болох Хятад улсын орчин үеийн хөгжил дэвшил нь энэ хамтын ажиллагааны механизмд шинэ итгэл найдвар, эрч хүчийг нэмсээр юм.
Тоо баримтын дагуу, 2009 онд Хятад улс Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг оронтой хийсэн экспорт, импортын нийт үнийн дүн 960 тэрбум 210 сая юань байсан бол 2023 онд 4.32 их наяд юаньд хүрч, жилд дунджаар 11.3 хувиар өссөн байна. Энэ жил БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм гишүүнээ нэмсний дараа, эхний гурван улиралд Хятад улсын БРИКС-ийн бусад гишүүн орнуудтай хийсэн худалдаа 4.62 их наяд юаньд хүрч, өмнөх оныхоос 5.1 хувиар өссөн байна. Судалгаанаас үзэхэд, санал асуулгад оролцогчид энэхүү механизмыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөөх Хятад улсын чухал хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Хятад улс дэлхийн өмнөдийн орнуудад оруулж буй хувь нэмрүүдийн эхний тавд дэд бүтцийн хөгжилд түлхэц үзүүлэх (79.7%), санхүү, технологийн дэмжлэг үзүүлэх (77.1%), хөгжлийн туршлага хуваалцах (77.5%), хүний нөөцийг сургаж бэлтгэх (75.4%) болон ядуурлыг бууруулах туршлагаасаа хуваалцах (72.9%) орсон байна.
Мөн судалгаанд оролцогчид Хятад улсын орчин үеийн хөгжлийн үзэл баримтлалыг өндрөөр үнэлжээ. Оролцогчдын 89.4 хувь нь хөгжил бол хөгжиж буй орнуудын нэн тэргүүний зорилт гэж үзсэн бол, 88.6 хувь нь “хүн төвтэй” хөгжлийн үзэл баримтлалыг сайшааж, улс орнууд ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулж, аз жаргалын түвшинг нэмэгдүүлэх ёстой хэмээн үзжээ. Судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь бодлого, үзэл санааг хөрсөн буулгаж хэрэгжүүлэхийг дэмжиж, улс орнуудын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийг хамтдаа урагшлуулахыг уриалсан байна. Харин 89.8 хувь нь Хятадын санал болгосон инновацын стратегийг дэмжиж, улс орнууд шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгалын боломжийг ашиглаж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрийг эрэлхийлэх ёстой гэж үзжээ.