Дэлхий
Канцлер Шольцын эвсэл задран унаж, Герман улс төрийн хямралд автлаа
Дэлхий нийт Вашингтон руу анхаарлаа хандуулж байх үеэр Германы улс төр, эвслийн дотоод тэмцэл болон Үндсэн хуулийн төвөгтэй асуудлуудаас шалтгаалан хүндхэн нөхцөлд ороод байна. Харин энэ улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлаас гадна эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, Европын удирдагчид Трампын ерөнхийлөгч болох гэж буйд санаа зовж байх үеэр Европын томоохон эдийн засаг хавцлын ирмэг дээр ирээд байна. Канцлер Олаф Шольц лхагва гарагийн орой, эвслийн гурван намын, нэгний тэргүүн Сангийн сайд Кристиан Линднерийг огцрууллаа. Үйл явдлын дараагаар танхим дахь Линднерийн гурван хамтрагчийн хоёр нь шууд огцорно гэдгээ зарласнаар эвслийн Засгийн газар задарчээ. Шольц дараагийн сонгууль хүртэл цөөнхийн Засгийн газрыг удирдаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж байгаа ч Парламентад олонх, сөрөг хүчин байхаа больсон учраас ирэх долоо хоногт хэлэлцэх ёстой 2025 оны төсөв зэрэг шинэ тогтоол батлахад бэрхшээлтэй байх болно гэжээ.
Доналд Трамп ялалт байгуулснаар Украины санхүүжилт багасна гэсэн үг, Киевт үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр Герман, АНУ-ын дараа ордог тул тусламжаа нэмэгдүүлэх үүрэг Берлинд ноогдож магадгүй юм. Харин ХБНГУ-ын Засгийн газрын хувьд Украинд туслах, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх гэх мэт шинэ хэмжүүрийг сөрөг хүчний намуудын тусламжгүйгээр батлахад мөн л хүндрэлтэй байх болно. Канцлер Шольц пүрэв гарагт хийсэн уулзалтдаа сөрөг хүчний Консерватив намын удирдагч Фридрих Мерцээс, “Манай улсын хувьд нэн чухал асуудлууд дээр хамтран ажиллах ёстой”-г сануулж, Украинд илүү их тусламж үзүүлэх зэрэг хэд хэдэн гол бодлогыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок Украинд хийсэн айлчлалаасаа буцаж ирмэгцээ, эвсэл задран унасан нь “Герман болон Европын хувьд сайнгүй өдөр байлаа” гэжээ. Шольц нэгдүгээр сарын 15-нд парламентаар итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулж, товлосон хугацаанаас зургаан сарын өмнө буюу гуравдугаар сард сонгууль явуулахыг хүсэж байгаагаа мэдэгдэв. Харин Германы дараагийн канцлер болох хүсэлтэй Христийн ардчилсан намын тэргүүн Мерц түүнийг нь дэмжихгүй байгаа бололтой. Тэрбээр, Германд “Европын орнуудад чиглэсэн чухал шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй, эдгээрийг зохицуулж чадах тогтвортой Засгийн газар бидэнд хэрэгтэй байгаа тул нэгдүгээр сард нэн даруй санал хураалт зохион байгуулж, ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй хэмээн“ уриалжээ.
Мөн “Бид цөөнхийн Засгийн газартай байж олон сараар засаглаж, сурталчилгаа хийж, хэдэн сарын турш эвслийнхээ талаар хэлэлцээр хийж чадахгүй” хэмээн хэлсэн байна. Бусад сөрөг хүчний намууд ч тус уриалгыг нь дэмжсэн байна. Хэдийгээр Германы ерөнхийлөгч шалтгаан болон хариуцлага шаардаж байсан ч эвслийн задрал хэдэн сарийн турш явагдсаар байлаа. Энэ гурван талт эвсэл нь Германы эдийн засгийг хэрхэн сайжруулах тал дээр тэс өөр харах өнцөгтэй байснаасаа болж задарсан. Олаф Шольцын зүүн төвийн Социал Демократууд болон Ногоонтнууд, зээл аван дэд бүтцийг шинэчлэх, аж үйлдвэрийг байгалийн эрчим хүч рүү шилжүүлэх, Украинд туслах гэх мэт асуудлыг шийдэхийг хүсэж байлаа. Харин Кристиан Линднерийн чөлөөт зах зээлийн либерал үзэл суртлын хувьд, зээл авахыг эсэргүүцэж, оронд нь татварыг бууруулж, нийгмийн зардлыг танаж, байгаль орчны зорилтуудыг хойшлуулахыг уриалж байв. Энэ долоо хоногийн яриа хэлэлцээний үеэр хоёр тал юу ч тохиролцож чадахгүй байснаар асуудал улам хурцдаж задрахад хүргэжээ. Лхагва гарагийн орой, хэлэлцээр дууссаны дараа канцлер, Сангийн сайд руугаа бухимдан, Линднерийг “Улс орны сайн сайхны төлөө буулт хийж чадахгүй, хувиа хичээсэн, хариуцлагагүй, миний итгэлийг хэтэрхий олон удаа эвдсэн, намынхаа төлөөх ашгийг улс орны сайн сайхнаас дээгүүр тавьсан” гэжээ. Германы улс төрд урьд өмнө нь Канцлер, сайд болон эвслийн гишүүндээ ингэж шүүмжлэлтэй хандсан явдал болж байгаагүй юм.
Хэрэв үүнийг олон нийтийн телевизээр цацсан байсан бол уур амьсгал ямар байх байсныг төсөөлөөд үз дээ. АНУ-ын сонгуулийн өмнө Шольцын холбоотнууд улс төрийн тогтворгүй байдал үүсгэх цаг биш, сонгууль хийхэд эрт байна гэцгээж байсан ч сүүлийн нэг жилийн хугацаанд эвслийн үл ойлголцол, зарлагатай холбоотой маргаан байнга гарч байна.
Сонгогчдын хувьд ч энэ асуудал тэвчихийн аргагүй болж гурван намыг дэмжигчдийн тоо ч багасжээ. Зарим хүмүүс, аль хэдийн үйл ажиллагаа нь муудсан Засгийн газарт дахин нэг жил ажиллах боломж олгосон нь ийм тогтворгүй, мухардмал байдалд хүргэсэн гэж үзэж байгаа аж. Улсын үндсэн намууд засаглах чадваргүй байгаагаас болж иргэд хэт барууны эсвэл хэт зүүний үзэл бүхий намуудыг сонгох магадлал ихсэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Трампын дахин ерөнхийлөгч болсон нь Берлинд муу мэдээ болж байна. Энэ нь АНУ-ын барааны татвар Германы эдийн засагт сөргөөр нөлөөлж, Украинд үзүүлэх дэмжлэгийг багасгасаар аюулгүй байдлыг сулруулж болзошгүй юм. Одоо Германд нэгдмэл, үр дүнтэй Засгийн газар урьд урьдынхаас илүү хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Х.Энхболд