Дэлхий
АНУ-ын Засгийн газрын санхүүжилтийн хугацааг түр сунгах хуулийн төслийг дэмжсэнгүй
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Бүгд Найрамдах намаас оруулсан Холбооны улсын Засгийн газрын санхүүжилтийн хугацааг түр сунгах болон төрийн өрийн дээд хязгаарыг өсгөх тухай хуулийн төслийг дэмжээгүй ажээ.
Хуулийн төслийг Конгрессын доод танхимын 235 гишүүн эсэргүүцэж, 174 гишүүн гишүүн дэмжсэн байна. Уг хуулийн төсөлд Холбооны улсын Засгийн газрын санхүүжилтийг ирэх оны гуравдугаар сарын 14 хүртэл сунгаж, АНУ-ын төрийн өрийн дээд хязгаарын үйлчлэх хугацааг 2027 оны нэгдүгээр сарын 30 хүртэл түдгэлзүүлэх заалт орсон байжээ.
АНУ-ын төрийн өр өнгөрсөн арваннэгдүгээр сард 36 их наяд гаруй ам.доллар болсон байна. АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын зөвшилцсөн энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа лхагва гарагт илэрхийлсэн бөгөөд түүнээс зарим зардлыг хасах болон төрийн өрийн дээд хязгаарыг цуцлах юм уу ихээхэн өсгөх заалт оруулахыг санал болгосон байна.
АНУ-ын Холбооны улсын Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Конгрессын хоёр танхим санхүүжилтийн хугацааг сунгах талаар баасан гаргийн шөнө болохоос өмнө тохиролцоонд хүрэх ёстой ажээ. Аравдугаар сарын 1-нд эхэлсэн энэ санхүүгийн жилийн улсын төсвийг хууль тогтоогчид батлаагүй байгаа бөгөөд Холбооны улсын Засгийн газрын санхүүжилтийг арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл олгохоор шийдсэн байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын баталсан төрийн өрийн дээд хязгаарыг өсгөх тухай хуулийн төсөлд өнгөрсөн оны зургаадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан аж. Гэвч уг дээд хязгаарт 2025 оны нэгдүгээр сарын 2-нд хүрэх юм байна.