Дэлхий
АНУ тагнуулын мэдээллээ Украинтай солилцохыг зогсоов

АНУ тагнуулын мэдээллээ Украинтай солилцохоо зогсоосон талаар лхагва гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Валц мэдэгдлээ.
АНУ 2022 онд дайн эхэлснээс хойш Украинтай тагнуулын мэдээлэл хуваалцсаар ирсэн бөгөөд энэ удаагийн хориг хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Энэхүү шийдвэрийн улмаас Украин ОХУ-ын дайралтаас өөрийгөө хамгаалах боломж хязгаарлагдаж болзошгүй. Ихэнх шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын тагнуулын мэдээлэл Украины хувьд хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
- Оросын эсрэг сөрөг довтолгоог төлөвлөхөд туслах
- Оросын дроны болон пуужингийн дайралтаас урьдчилан сэрэмжлүүлэх
АНУ тагнуулын мэдээллээ өгөхөө зогсоосноор Украин алсын зайн тусгалт пуужинг үр дүнтэй ашиглах боломж нь буурах юм.
Түүнчлэн Зеленський, Трамп нар сөргөлдсөний дараа Вашингтон Киевт үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоохоор болсон юм.
Энэ сөргөлдөөний улмаас АНУ, Украины талууд байгуулах байсан ашигт малтмалын гэрээ түр хугацаанд хойшилсон. Трамп энэ гэрээг өнгөрсөн хугацаанд АНУ-аас Украинд үзүүлж байсан зэвсгийн тусламжийн хариу гэж үзэж буй.
Талууд сөргөлдсөн ч лхагва гарагт Зеленський энэ асуудлаар “эерэг ахиц” гарч байгаа бөгөөд тэд удахгүй дахин уулзаж магадгүй гэсэн юм.
Харин Цагаан ордноос Украины санхүүжилтийг зогсоосон шийдвэрээ эргэн харах бөгөөд ашигт малтмалын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна гэдгийг мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters
