Дэлхий
Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт мягмар гарагт гарын үсэг зурсан байна.
Олон улсын нөхцөл байдал, бүх дэлхий, манай тив болон Венесуэлийн эсрэг худалдаа, эдийн засгийн дайн өрнүүлж байгаагаас үүдэлтэй уршиг зэрэгтэй холбогдуулан би үндсэн хуульд заасан эдийн засгийн онц байдал тогтоох эрхээ хэрэгжүүлж байна гэж Венесуэлийн төрийн тэргүүн мэдэгджээ.
“Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлиг нь үндэсний эдийн засгийг хамгаалж, урагш ахиулахын тулд хоёр сарын турш улс төрийн янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг надад олгох юм. Зарлигийг Үндэсний Ассамблейд өргөн мэдүүлж батлуулах ёстой” гэж тэр хэлсэн байна. Эдийн засгийн онц байдлыг Венесуэлийн нийт нутаг дэвсгэрт 60 хоногийн хугацаатай нэвтрүүлэх бөгөөд мөн ийм хугацаагаар нэг удаа сунгаж болох аж.
АНУ болон түүний холбоотнууд 2015 оноос Венесуэлийн эсрэг 930 гаруй хориг арга хэмжээ нэвтрүүлсэн байна. Тэдгээрийн дотроос 2019 онд тус улсын төрийн өмчийн газрын тос, байгалийн хийн Petroleos de Venezuela компанийн эсрэг нэвтрүүлсэн хориг нь Венесуэлийн эдийн засагт хамгийн их хохирол учруулсан ажээ. Энэ оны дөрөвдүгээр сард Венесуэлээс газрын тос худалдан авдаг орнуудын эсрэг 25%-ийн импортын гаалийн татвар нэвтрүүлсэн байна.
