CGTN мэдээ
“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа
Энэ жил Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, “Хятад Вьетнамын хүмүүнлэгийн солилцооны жил” тохиож байна. Энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпиний энэ он дахь анхны гадаад айлчлал бөгөөд ХКН-ын төв хорооны хөрш орнуудын ажлын бага хурлын дараа хийж буй анхны айлчлал байж, Хятад Вьетнамын харилцааг хөгжүүлэхийг чухалчилж байгааг харуулж байна. Энэхүү айлчлал нь хоёр нам болон хоёр орны харилцаанд улс төр, гадаад харилцааны томоохон үйл явдал болж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой, урт хугацааны үр нөлөөтэй байх болно гэж Вьетнамын мэдээллийн агентлаг үзэж байна.
2023 онд Хятад, Вьетнам хоёр улс хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаа зарлаж, хоёр нам болон хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан юм. Ши Жиньпин Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хийсэн хэлэлцээний үеэр стратегийн харилцан итгэлцлийг өндөр түвшинд байлгаж, аюулгүй байдлын илүү бат бөх үндсийг бий болгож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өндөр чанартай өргөжүүлж, олон нийтийн санаа бодлыг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг нягтруулах тухай зургаан арга хэмжээг санал болгожээ.
Эдгээр зургаан арга хэмжээ нь Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх шинэ төлөвлөгөөг гаргахад тусалж, “1 тэрбум 500 сая гаруй хүн орчин үеийн хөгжилд хамтдаа алхан орох” чиглэлийг зааж өгсөн юм. То Лам хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний айлчлал нь хоёр нам, хоёр орны найрсаг солилцооны түүхэнд шинэ чухал бэлэг тэмдэг болох нь дамжиггүй гэжээ.
Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Вьетнамын харилцааны хөдөлгөгч хүч юм. Хятад улс сүүлийн 20 гаруй жилийн турш Вьетнамын хамгийн том худалдааны түнш байгаа бөгөөд Вьетнам бол Хятадын АСЕАН-ы орнууд дахь худалдааны хамгийн том түнш юм. Энэ удаа Вьетнамд айлчлах үеэр Ши Жиньпин, То Лам нар Хятад Вьетнамын төмөр замын хамтын ажиллагааны механизмыг эхлүүлэх ёслолд хамтдаа оролцов. Хятад, Вьетнам мөн харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, гаалийн болон хорио цээрийн хяналт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, иргэдийн амьжиргаа зэрэг салбарыг хамарсан 45 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү айлчлал нь Хятад, Вьетнамын худалдаа, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээний салбар дахь нягт хамтын ажиллагааг ахиулна гэж Ройтерс агентлаг үзэж байна.
Үүний зэрэгцээ Хятад, Вьетнамын хоёр тал эдийн засгийн даяаршлын асуудлаар санал бодлоо солилцжээ. Хятад улс нэг талын дээрэлхэх явдлыг хамтдаа эсэргүүцэж, дэлхийн чөлөөт худалдааны систем, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах чухал чанарыг онцолжээ. Вьетнамын тал олон улсын худалдааны дүрэм журмыг сахин биелүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ээдрээтэй болон өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд стратегийн тогтвортой чанараа хадгалж, олон талт үзэл, олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
“Хятад, Вьетнамын найрамдлын үндэс нь ард түмэнд оршдог” . 2024 онд Вьетнамд ирсэн Хятад жуулчдын тоо 3.7 саяыг давсан юм. Ши Жиньпин Вьетнамд айлчлах үеэрээ, энэ оны “Хятад, Вьетнамын хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн хүрээнд улам өргөн цар хэмжээтэй найрсаг ажиллагаа зохион явуулж, аялал жуулчлал, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд болон бусад салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж болгон ашиглахыг тэрээр онцолжээ. Хятад улс мөн ойрын гурван жилд вьетнам залуучуудыг Хятадад урьж айлчлахыг санал болгов.