CGTN мэдээ
Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав

4-р сарын 16-ны үдээс өмнө Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандар Истана Негара ордонд Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Малайз бол сайн хөрш, сайн анд, сайн түншүүд бөгөөд байнгын харилцаатай, гэр бүл шигээ дотно байдаг. Манай хоёр орны харилцаа гайхамшигтай хагас зуун жилийг туулж, улам ч сайн сайхан ирээдүйг эхлүүлж байна. Дээд удирдагч Ибрахимтай хамтран хичээн чармайж, Хятад, Малайзын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжлийг удирдан чиглүүлж, Хятад Малайзын хувь заяаны нэгдмэл цогцыг стратегийн өндөр түвшинд хамтдаа байгуулж, сайн хөршийн найрсаг харилцаа, эв нэгдэл хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэж, Хятад, Малайзын харилцааны шинэ “алтан 50 жил”-ийг эхлүүлэхэд би бэлэн байна гэв.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Малайз хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй том чухал асуудал дээр харилцан дэмжих ёстой. Бид хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, давуу талаараа харилцан нөхөж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрч, хүч хамтран шинэчлэлийн замаар сайтар урагшлах ёстой. “Хоёр улс, хоёр үйлдвэрлэлийн парк”, зүүн эргийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийг сайтар барьж байгуулж, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг зэрэг ирээдүйн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Малайзын өндөр чанартай хөдөө аж ахуйн нэн олон бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтрэхийг Хятадын тал сайшааж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Малайзад хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэхийг дэмжиж байна. Бид Малайзтай “Күнз ба Исламын соёл иргэншлийн яриа хэлэлцээ”-г ахиулж, соёл, аялал жуулчлал, боловсролын салбарт улам олон хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Малайз улс АСЕАН-ны ээлжит дарга орны ажлыг гүйцэтгэхийг Хятад улс дэмжиж, Малайз улстай хамтран дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн өмнөдийн хамтран хүчирхэгжих, хамтаар хөгжихийг ахиулж, бүс нутаг болон дэлхийд илүү олон тодорхой байдал, эерэг хүч нэмэрлэхэд бэлэн байна гэв.
Ибрахим Ибн Алмархум Султан Искандар хэлэхдээ, Ши Жиньпин даргын Малайзад хийж буй төрийн айлчлал бол хоёр орны харилцааны томоохон үйл явдал бөгөөд Малайз, Хятадын харилцаа өндөр түвшинд байгааг бүрэн харуулж байна. Би ноднингийн 9-р сард БНХАУ-д амжилттай айлчлал хийж, айлчлалын дурсамж одоо ч сэтгэлд тод хэвээр байна. Ши Жиньпин даргын Малайзад хийж буй тус удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг бүх талаар ахиулж, олон салбарын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Ши Жиньпин даргын алсын хараа, Хятадын ард түмний хичээл зүтгэлийн ачаар Хятад улс хөгжлийн гайхалтай амжилтад хүрсэн юм. Малайз улс Хятад улс хоорондын харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч гар нийлэн хамтдаа урагшилж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрч, стратегийн өндөр түвшин бүхий хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулах болно. Малайз улс бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг чухалчлан үзэж, “Бүс ба зам” санаачилгыг тууштай дэмжиж, Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээг хамтаар тогтворжуулж, дэд бүтцийн түншлэлийн түвшинг дээшлүүлж, боловсрол соёлын солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. АСЕАН-ны ээлжит дарга олон, АСЕАН-Хятадын харилцааны зохицуулагч орны хувьд Малайз улс нь АСЕАН-Хятадын харилцааг улам ихээр хөгжүүлж, энх тайван, хөгжин цэцэглэсэн ирээдүйг хамтаар байгуулахыг эрмэлзэж байна гэв.
