Улс төр
Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна
Засгийн газраас Говийн бүсэд 38 төсөл, бүтээн байгуулалт хэрэгжүүлнэ
Говийн бүсийн анхдугаар хурал Дорноговь аймгийн Сайншанд хотноо боллоо. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тус хуралд оролцохоор явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав.
Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байгаа юм.
“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцлаа.
Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр барилгын материалын цогц үйлдвэрлэл бий болж, зөвхөн “Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000, “Сэргэлэн” цогцолбор төслийн хүрээнд 1000 ажлын байр шинээр бий болох аж.
МОНГОЛД АНХ УДАА ҮЙЛДВЭР, УУРХАЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ШИЙДНЭ
Монголд анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн эх үүсвэрээр шийдэхээр Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг “МАК” компани ашиглалтад оруулжээ. Энэ нь Зүүн Хойд Азид аж үйлдвэрлэлийн компанийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөл бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх бүрэн боломж байгаа ч газрын асуудал, үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу зэрэг хүндрэл байгаа тул эдгээрийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг компанийн удирдлагууд хөндлөө.
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч барилгын салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллахаар тусгасан. Тиймээс аж үйлдвэржилт, барилга, зам, дэд бүтцийн ажлууд улсын хэмжээнд эхэлж байгаа энэ үед барилгын материал, түүхий эд тасалдахгүй байх нь чухал учир төр, хувийн хэвшил үр ашигтай хамтарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨРӨЛЖСӨН, НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД БҮС БОЛНО”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт Говийн бүсийн анхдугаар хуралд оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
“Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж байна
Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна.
Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.
ГОВИЙН БҮСИЙН НАЙМАН СУМЫН 92 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛНО
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах чиглэлээр таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорилт тавиад байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд илүү анхааран үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа.
Засгийн газрын 2023 оны 483 дугаар “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон сууцжуулах чиглэлээр:
Миний анхны байр,
Миний түрээсийн орон сууц
Миний амины орон сууц
Миний сонголт орон нутаг
Миний сонголт Төрийн алба гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон.
Эдгээр таван багц үйл ажиллагааны Миний сонголт төрийн алба, Миний сонголт орон нутаг багц ажлын хүрээнд “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр”-ийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатаар 78 сумын төв суурин газарт Төрийн албан хаагчдын орон сууц төслийг 2024 оноос 2027 он хүртэлх хугацаагаар хэрэгжүүлж эхлээд байна.Төслийн үр дүнд Говийн бүсэд 8 сумын төв, суурин газарт ойролцоогоор 4140 орчим м2 сууцны талбайтай, 92 төрийн албан хаагчдыг орон сууцтай болгохоор төлөвлөжээ.