Орон нутаг
Архи уулаа гэх шалтгаанаар төрсөн эгчийнхээ амь насанд хүрчээ

Өвөрхангай аймагт өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Тарагт суманд гуравдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгахад 38 настай эмэгтэй Г нь төрсөн эгч 55 настай С-ийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Г нь эгчийгээ архи уулаа гэх шалтгаанаар толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохисон хэмээн мэдүүлжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Дашрамд дурдахад, цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд 5869 дуудлага бүртгэгдсэнээс үүний 186 гэмт хэргийн шинжтэй байсан бол бусад нь зөрчлийн буюу архидан согтуурсан шинжтэй дуудлага байжээ. Архинаас улбаалан бусдын амь насыг хохироосон дөрвөн гэмт хэрэг бүгд ахуйн хүрээнд үйлдэгдсэн байна. Тухайлбал, хамт архи ууж байгаад нэгнээ хутгалсан гурван тохиолдол бүртгэгдсэн бол шунахайн сэдлээр нэгийгээ боож амь насыг нь хохироосон тохиолдол нэг бүртгэгджээ.
