Нийгэм
Р.Дагва: Манай сэтгүүлчид бодит мэдээллийг мэргэжлийн төвшинд хүргэж, шударга өрсөлдөөн дунд ажиллаж байгаа
Сэтгүүл зүй зуугаар хэмжигдэх түүхээр баяжин хөгжиж байна. Монголын сэтгүүл зүйн салбар дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй биелүүлж явна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарын үнэ цэнэ, ач холбогдол улам өсөх боллоо. Энэ салбарынхны үүрэг хариуцлага ч тэр хэрээр нэмэгдэж байна. Миний бие сэтгүүл зүйн салбарт ажиллаж, тэднийхээ зовлон жаргалыг мэдэхийн хувьд сэтгүүлчдийн нөр их хөдөлмөрийн үргэлж бахархан үнэлж, улмаар алдаа, оноог ч хамтдаа туулж ирсэн. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спорт гэх зэрэг салбар бүрээр мэргэшиж, мэдээлэл, мэдлэгийг хослуулан олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээнэ гэдэг амаргүй алба юм.Сүүлийн үед монголын сэтгүүлчид чамбайран бодит мэдээллийг мэргэжлийн төвшинд хүргэхийн тулд боловсрол мэдлэгээ дээшлүүлэн, үнэн бодит, шуурхай байдлыг эрхэмлэн, шударга өрсөлдөөн дунд ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье. Энэ бол сэтгүүл зүйн салбарт гарч буй томоохон хөгжил, дэвшил юм. Сэтгүүлчдийн боловсрол мэдлэг, ухамсар, сэтгэхүй зэргээс олон нийтийн төлөвшил, үзэл бодол, хандлага ихээхэн шалтгаалдаг. Мөн цаашлаад улс орны хөгжлийн олон асуудлуудад сэтгүүлчдийн байр суурь чухал нөлөө үзүүлж ирсэн. Тийм ч учраас сэтгүүлчдийн дуу хоолой ямагт үнэний талд байж, шударга бусыг дэлгэн тавьж, сайн сайхан бүхнийг сайшаан дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Эрхэм сэтгүүлч анд нөхөд Та бүхэн Улаанбаатар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргах, уламжлалт амьдрах арга ухааныг өөрчилж, нийслэлчүүдийг шинэлэг сэтгэлгээгээр цэнэглэхэд хамтран ажиллахыг хүсье. Та бүхэндээ сэтгүүл зүйн салбарын 107 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.ДАГВА