Бидэнтэй нэгд

Нийгэм

Ардын уран зохиолч Б.Догмид: Эх оронч бус, элэг зүрхгүй хүмүүс олширч

Нийтэлсэн

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч  Балжирын Догмид:  

Сэтгүүлч хүн явган сенсааци, хэнд ч хэрэггүй  нэг өдрийн насгүй юм бичих ёсгүй

-Таныг мэдэхгүй Монгол хүн үгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, нэртэй зохиолч гэдгээрээ монголчуудад хэдийнэ танил болсон. Харин сонин хэвлэлд ажиллаж явсан сэтгүүлч гэдгийг мэдэх хүн тийм ч олон биш байх.

-Би залуудаа тухайн үед гарч байсан “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг төвийн сонинуудын Дорноговь аймаг дахь сурвалжлагчаар өөрийнхөө сонирхолоор  ажилладаг байлаа. Онцлог нь  цалингүй сурвалжлагч байсан. Гэхдээ биеэ магтаж байгаа ч юм биш цалинтай сурвалжлагчийн бичээгүйг бичдэг байсан. Орон тооны сурвалжлагчид аймгийн намын хорооны бүгд хурал, ингэ хээлтүүлгийг эрчимжүүлэх тухай зөвлөмж болон төлөвлөгөө норм төдөн хувиар давлаа, тийм тийм хүмүүс хошуулчиллаа гэх шиг улиг болсон албан бичиг маягийн мэдээ бичдэг байсан юм. Харин манай Дорноговь аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагчаар Ш. Цэрэнпил гэдэг хүн очоод ёстой шинэчлэл, хувьсгал хийсэн. Д. Равжаагийн тухай бараг анх бичсэн хүн гэвэл  Ш. Цэрэнпил. Хутагтын тухай судлалаар эхэлсэн хүн олон боловч, төрийн төв хэвлэлээр дамжуулж Равжаа гэдэг хүний агуу эрдэм ухаан, үлдсэн өв сан, бүтээл туурвилын тухай ихээхэн дэлгэрэнгүй бичиж, олон түмэнд хүргэсэн хүн бол Ш. Цэрэнпил юм. Түүний бичсэн материалын талаар зарим үед би боддог байсан. “Үнэн” сонинд ийм юм бичиж болдог л юм байх даа гэж. Ухаан нь  1923 онд Америкийн эрдэмтэн Эндрюсийн экспедиз ирж үлэг гүрвэлийн,  яс өндөг авч явсан Эргэлийн зоо гэдэг дэлхийд данстай агуу уулын тухай,  Дорноговийн Хатанбулаг сумаас Өмнөговийн Ханбогд сум хүртэл 70 км үргэлжилсэн  их нууцыг хадгалсан  тэр гайхамшигтай уулын тухай муухан хүн  эрдмийн цол авахаар цуврал том бүтээл хийсэн хүн л дээ.

Та сэтгүүлчээр ажиллаж байхдаа туурвисан бүтээлүүдийнхээ эмхэтгэлийг хэвлүүлэхээр бэлтгэж байгаа. Ямар төрөл зүйлийн бүтээлүүд зонхилсон ном гарах вэ?

-Би олон сонинд ажиллаж байсан. Миний сэтгүүлзүйн бүтээлийн ном хөрөг, таталбар, эссе, уянгын найрууллуудаас бүрдэж байгаа. Ганц ярилцлага орсон. Тэр бол М. Шолоховын “Дөлгөөн Дон” романы 4 дэвтрийг хоёр удаа шинэчлэн орчуулсан манай авьяаслаг орчуулагч, дипломатч Базарын Дашцэрэн гэдэг агуу хүнтэй хийж байсан ярилцлага юм. Тэр ярилцлагаа өнөөдөр уншихад надад өөрт маань хүртэл сонин байна. Дэлхийн 160-аад оронд хэд дахиж хэвлэгдсэн энэ гайхамшигтай романыг хамгийн сайнаар орчуулсан, уншигчдад хүргэсэн хүн бол Б.Дашцэрэн гуай.

М.Шолохов өөрөө Бишинск сууринд болсон хүлээн авалт дээрээ Б. Дашцэрэн гуайг сандал дээр гаргаж зогсоогоод олон түмэнд гайхуулан танилцуулж байсан гэдэг. М.Шолоховын Б.Дашцэрэнд бичсэн захидал ч байдаг. Тийм л мундаг хүн  дээ. Харамсалтай нь төр засаг орчуулагчийнх нь талаар нэг их үнэлсэнгүй дээ. Өнөөдөр орчуулагчдын холбоо гэж байдаг ч юм уу, тэр хүний талаар ганц үг ганхийж дурссангүй. Түүний уран бүтээлийн өв сан олон хэлнээс хөрвүүлсэн бүтээлүүдээс бүрддэг юм.  Тухайлбал, Орос, Англиас гадна Хятад хэлнээс буулгасан бүтээл элбэг. Тэр ч бүү хэл удирдлага, бизнесийн чиглэлээр орчуулсан том том номнууд байдаг юм. Амьдралынхаа эцэс хүртэл олон том бүтээл орчуулсан хүн дээ.

-Та эссе, тухайлбал уул усны тухай бодрол бичихдээ юуг харж, төсөөлж, бодож санаж бичдэг вэ?

-Нэгдүгээрт, танин мэдэхүйн талаас нь бичдэг. Хоёрдугаарт, хүний сэтгэл санааг нээх, хөгжимлөг зураглаг мэдрэмж төрүүлэх,  уран сайханч ер бусын гоё агаарыг буй болгож тэр дотор тоглолт хийх ёстой гэдэг зарчмаар бичдэг. Жишээ нь, дэлхийд данстай Эргэлийн зоо уулын тухай би нэг биш удаа бичсэн. Тэр уулыг огт үзээгүй хүн үзсэн мэт, салхиар нь амьсгалсан мэт бичиж чадахгүй бол үзэг цаас нийлүүлэхийн ч хэрэггүй. Түүнээс биш тэр ууланд төдөн төрлийн өвс ургадаг, тийм тийм амьтан байдаг гэж бичих бол сонин биш.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж явсан ахмад үеийн төлөөллийнхөө хувьд Монголын сэтгүүлзүйн өнөөгийн өнгө төрхийн талаар юу хэлмээр байна даа. Ер нь энэхүү онцгой салбарын цаашдын дүр зураг танд ямраар төсөөлөгдөж байна вэ?  

Өнөөгийн сэтгүүлчдийн хийж байгаа ажил гэвэл улстөрийн хэрүүл, сенсааци л байх шив дээ. Үнэн худал нь хамаагүй шуугиантай л юм бичиж байвал боллоо. Монгол Улс ийм байж болохгүй ээ. Төртэй, эзэнтэй байх ёстой. Би хувьдаа бууж өгөхгүй. Хэлдэг үгээ хэлж, хийдэг юмаа хийнэ. Зохиолч, сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Уг нь сэтгүүлч, зохиолч хүн  ард  түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй болохоос биш явган сенсааци, хэнд ч хэрэггүй нэг өдрийн насгүй юм бичих ёсгүй юм. Сонин, хэвлэл чинь хүмүүсийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах, зам чигийг нь зааж өгөх ёстой, тийм үүрэгтэй юм. Гэтэл өнөөдөр тэр үүрэг нь алга болчихож.

Хуульч, хулгайч хоёр нь ялгагдахаа больчихоод байна

Уран бүтээлч хүний сэтгэл нэг талаас маш эмзэг байдаг. Өнөөгийн нийгмийн үзэгдлүүдээс ямар зүйл таны сэтгэлийг хамгийн ихээр зовоож байна вэ?

Монголд өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг цензур байхгүй болчихож. Хуульч, хулгайч хоёр хоорондоо ялгагдахаа больчихоод байна. Өөрөөр хэлбэл, хэн нь хуульч, хэн нь хулгайч юм гэдгийг мэдэх арга алга. Мөнгөтэй хүн л бүгдийг ярьж байна. Мөнгөтэй албан тушаалтай хүн л бүгдийг мэддэг, чаддаг, удирддаг болчихлоо.  Шинэ үсэг тайлагдаагүй, балархай үсэг мэдэхгүй амьтад өнөөдөр эрдмийн зэрэг цол хүртэж, академич, доктор болчихсон солиороод явж байна. Үүнийг ялгадаг төр засаг алга. Харин олон түмэн  мэддэг л байх.

Өвөл дөхөөд сэрүүн унаад эхлэнгүүт төр засаг нь утаа, түлш, агаарын бохирдол яриад л дээр дооргүй мөнгө идэх юм. Хэчнээн их мөнгийг хэчнээн олон жил идэв. Дотоод шаталт явагдаж байгаа нөхцөлд уур, утаа гарахгүй байна гэж үгүй. Хор ялгарахгүй байна гэж байхгүй. Энэ чинь техник, энэ чинь физик, энэ чинь шинжлэх ухаан. Утаагүй зуух гэж хэзээ ч байхгүй, утаагүй түлш гэж хэзээ ч байхгүй. Гэтэл нэг том дарга  утаа нүдэнд харагдаж байгаа болохоос биш хор байхгүй, доторх хорыг нь шүүгээд авчихсан гэж ярьсан гэсэн. Яаж ингэж биднийг доромжилж болох вэ? Би өөрөө санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн. Жил болгон агаарын бохирдлыг арилгана гэж олон тэрбум төгрөг гаргахаа одоо болих хэрэгтэй. Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд баахан мөнгө аваад л байсан. Хоёр гурван жилийн нүүр үзэж байхад утаа арилаагүй л байгаа биз дээ. Өвөл Багануурын хамгийн утаатай, тортогтой, угаар ихтэй нүүрсийг түлж байхад яаж утаа, түүний хор арилах вэ?

Өнөөдөр төр засгийн толгойд луйварчид, гадаадын гар хөл болсон зарим хүн байна шүү дээ. Би бүгдийг нь гэж хэлэхгүй л дээ. Тэр улсууд өнөөдөр хаана гэмт хэрэг, ядуурал их байна,  хаана хууль их зөрчигдөж байна тийм орчинд жоом бясаа шиг үржиж үндсэн ажлаа хийж байна. Ард түмэн хэчнээн ядуу байх тусам тэдэнд тустай. Даяарчлал гэдэг чинь жижиг үндэстнийг мөхөөдөг гэж би мөн олон удаа хэлж байна даа. Даяарчлал бол манай Монголын хувьд эх газар дээр болж буй цунами. Даяарчлалын эргүүлгэнд ороод л дуусна. Одоо сайхан Монгол хэл маань үгүй болж байна. Монгол хэл мэддэг хүн байхгүй боллоо. Бүгд мессежний хэлээр ярьж байна. Юун язуурын Монгол хэл манатай. Англи хэлийг шахаж оруулаад, уран зохиолыг дунд сургуулийн хөтөлбөрөөс авч хаях нь ерөөсөө гадаадынхны бодлого. Хэлийг нь байхгүй болгочихвол Монгол сэтгэхүй дагаад устана. Монгол сэтгэхүй байхгүй болчихвол Монголоо алдана. Гадаадын гар хөл болсон улс дүүрнэ. Манай зарим том албан тушаалтнууд ярьж байна шүү дээ. Гадаадынхныг оруулж ирээч, адилхан нэг дээвэр дор амьдарч байж гэж. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч нэг залуу Хятадуудаас айгаад байх юм байхгүй, тэд чинь сайн улс гэж ярьж байх юм. Хятад улс Манж гэдэг бүхэл бүтэн том гүрнийг уусгасан. Манжийн хаан Энх-Амгалан Хятад хүнийг Манжаас илүүд үзэж, Хятад эхнэрийг Манж эхнэрээс илүүд үзэж, Хятад хэлийг Манж хэлнээс илүүд үзсэн хүнийг цаазла гэдэг хууль гаргаад байсан хэр нь  улс нь сөнөсөн. Өнөөдөр эх оронч бус, элэг зүрхгүй хүмүүс Монголд их олширч байна. Үүнд харамсаад баршгүй.

Юу ч уншаагүй, урлагийг вирустуулж бохирдуулж байдаг улс цөөнгүй болж

Хошин урлагийн зах зээл манайд эрэлттэй хэвээр байгааг энэ олон хошин шогийн хамтлаг, продакшнуудын шил шилээ дарсан тоглолтууд нотолж байх шиг. Энэхүү парадокс гэмээр үзэгдлийг манай нийгмийн хөгжлийн түвшинг илтгэх нэгээхэн хэмжүүр гэж үзэж болох уу?

Би өмнө нь хошин шогт дуртай байсан. Данзан гуай, Цээеэ, Латифыг үздэг, Херлуф Бидструпийн зургийг сонирхдог байлаа. Нөгөө  эзнээ чаддаг жижиг тагжгар чинь хэн билээ?

Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Боролдойн дүр бүтээсэн Содном гуай юу?

– Тийм, тийм. Тэр хүний тоглосон киног үзэж инээх дуртай байлаа. Харин одоо хошин шог гэхээр уур хүрч, даралт ихсдэг болж. Яагаад гээч? Нэг үг хэлээд л бүсэлхийнээс доош юм яриад унах юм. Үр хүүхэдгүй улс байдаг юм уу, хаашаа юм? Ямар муухай ёс суртахуунгүй, ямар муухай гоо зүйгүй, ямар тэнэг улс байдаг юм бэ? Уран бүтээлийн гол цензур бол гоо зүй шүү дээ. Ертөнцийг гоо сайхан аварна гэдэг. Энэ үүднээсээ урлаг цэвэр ариун, гэгээн байх ёстой.  Гарч байгаа кино нь ихэвчлэн адал явдалтай. Хамгийн муу зохиолч адал явдал буюу алуурчин дээрэмчний тухай бичдэг гэдэг дээ.

Манай хошин шог арай дэндэж байна. Насанд хүрээгүй, оюун ухаан нь төлөвшөөгүй хүүхдүүдийн тархи руу хогийн сав шиг хог шороо чихэж байна. Ийм хүмүүсийг ямар үхсэнийх нь уран бүтээлч гэдэг юм. Нүүр амаа хөөдсөн арзагнал марзагнал нь хэтрээд сүүлдээ алиалагч шиг болж хувирч байна шүү дээ, энэ хошин шогчид. Хошин шогийн жанрыг тайзан дээрээс  шалан дээр буулгаад, одоо бүр гудамжинд гаргачихлаа. Зүгээр л мөнгө олох хэрэгсэл болгочихсон. Удахгүй дотоожгүй шалдан нүцгэн хүн тайзан дээр гарах нь байна шүү дээ. Зарим нь уран бүтээлч биш гэдэг нь мэдэгддэг. Юу ч уншаагүй, урлагийг вирустуулж бохирдуулж байдаг улс цөөнгүй байна. Энэ талаар би нэг бус ярьж байгаа хүн л дээ. Жаахан юм уншаасай л гэж залбирах юм. Өөрөө кино зохиолыг нь бичээд, өөрөө найруулаад, өөрөө зураглаач хийдэг гэнэ. Нэг хүнд ийм их олон авьяас байдаггүй юм. Агуу их Равжаад ч байгаагүй юм. Ер нь дэлхийд цөөхөн дөө.

Маш олон хүн 21 дүгээр зууныг хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хувьд их өөрөөр төсөөлж байсан. Гэтэл манай улсын хувьд тодорхой хүрээнд л гэхээс нийгмийн сэтгэлзүй өмнөх нийгмээс дор орсон мэт санагдах юм. Сүүдэрт байгаа нийгмийн ядуу, харанхуй сэтгэлгээг яаж гэгээрүүлж, “гэсгээх” вэ?

-Төрийн бодлогоор иргэдээ зөөлрүүлж болно. Тухайлбал, Солонгос киног хориглох хэрэгтэй. Солонгосын олон ангид кинонууд нэг л сэдэвтэй байдаг. Нэг өвчтэй хүн, үхэл хагацал нүүрлэсэн нэг хүн,  хувьцаагаа шатаасан нэг бизнесмэн, тэгээд гэр бүлийн хэрүүл хараал. Гүйцээ.

Нөгөө талаар нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд төрийн албан хаагчдаас үндэснийх нь бичгээр шалгалт авая. Үндэснийх нь хэл найруулгаар авая. Англи хэл энэ тэрээгээ мэддэг л юм байгаа биз. Хамгийн гол нь төрд ажиллах хүмүүс үндэсний бичиг соёлтой л байх ёстой. Яг үнэндээ өнөөдөр Англи ч хэлгүй, Монгол ч хэлгүй, Орос ч хэлгүй болчихоод байна. Тийм учир төрийн албаны шалгалтыг Монгол бичиг болоод Крилл үсгийн дүрмээр авах хэрэгтэй. Гээгдэх, гээгдэхгүй эгшигээ мэдэхгүй, балархай үсгээ мэдэхгүй улсууд төрийн алба хашиж байна шүү дээ. Албан бичиг бичиж чаддагүй хүн ч олон байна. Цагаан толгойн 35 үсгээс дөрвийг нь хасна гэж баахан юм болж байсныг санаж байна уу? Тэр бол бохир бизнес байсан юм. Зөөлний тэмдэг  хасагдахаар олон хүн паспортоо солиулахаас аргагүй болно. Энэ бол нэг луйварчны мөнгө олох арга л даа. Ер нь төрийн дайсан олон байна. Олигтой юм үзүүлж харуулж болдоггүй. Тэнд нэг овоохон нөөцтэй орд газар нээгдвэл шүлсээ унагаад л дайраад орчихдог. Хүний гайгүй сайхан эхнэр харагдвал авахыг л бодож  байдаг.

-Монголоороо үлдэхийн тулд яах ёстой болчихоод байна вэ?

-Монголоороо үлдэхийн тулд хүн бүгд үр хүүхдээ хайрлах ёстой. Сайн сайхан хүн болгож өсгөж хүмүүжүүлэх ёстой. Тийм учир компьютерээс бага ч гэсэн холдуулмаар байна. Сэтгэхүйгүй боллоо шүү дээ. Хятад, Япончууд хүүхдүүдээ компьютерээс салгаад Хятад сампингаар тоо бодуулдаг, арван саваа модоор бага ангид хичээл зааж байна. Гэтэл манайд  хүүхдүүд өдөржин компьютерээр тоглоод орой зурагт үзээд, орондоо орохоороо утсаараа мессэж бичдэг боллоо. Мөд нүдгүй, тархигүй болно. Угаасаа сэтгэхүйгүй болж байна. Тооны хүрд цээжилдэг хүүхэд байхгүй болчихож. Сурах бичгийг Боловсролын яамны улиг болсон хүмүүс хүний юм хуулдагийг болиулаад өөр сурах бичгийн тендер зарлах хэрэгтэй. Загвар гаргаж ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Монголоороо бичиж, Монголоороо сэтгэж, Монголоороо ярьж байгаа цагт монголчууд хүнээ алдахгүй.

Редакцийн архив 2017

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа