Нийгэм
ШШҮХ-гийн газрын дарга асаныг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хасан торгуулийн ял оноожээ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Шүүх хуралдаанаар:
- Шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 18 сая төгрөгийн торгуулийн ял,
- Шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 13.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ.
Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос таван сая төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.”,
15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасан байдаг.
Шүүхэд ирсэн хэрэгт Д.Адилбаяр, Б.Цолмон болон тэдний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос тэдэнд торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь прокурорын торгох ялын саналыг хүлээн зөвшөөрчээ.
Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан юм.