Эдийн засаг
Энэ сарын 15-наас Гашуунсухайтаар нүүрс тээвэрлэж эхэлнэ
Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэр гарч, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийг гуравдугаар сарын 15-наас эхлэн дахин нэвтрүүлнэ. Ингэхдээ жолооч нарт тусгай зориулалтын хувцас өмсгөж урд хөрш рүү нэвтрүүлэх бөгөөд жолооч нарыг өдөртөө буцаж ирэх шаардлага тавих юм байна. Мөн энгийн үед өдөрт 600-700 нүүрс тээврийн машиныг хилээр нэвтрүүлж байсан бол энэ удаад 300-350 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм байна.
Нүүрсний экспорт нь улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гол эх үүсвэрийн нэг. Энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоолол бий. Өнгөрсөн онд мөн л 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч төлөвлөгөөнөөс зургаа орчим сая тонноор дутуу борлуулсан юм. Энэ он гарсаар Covid-19-ийн халдвартай холбоотойгоор нүүрсний экспортын төлөвлөгөө биелэхгүйд хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
Сануулахад, Гашуунсухайт боомтоос урагш 130 км-ын зайд буюу Баяннуур аймаг болон ойролцоох хотуудад Covid-19-ийн халдвар гарч найман хүн өвчилж, нэг нь нас барсан тул уг чиглэлийн нүүрс тээврийг түр зогсоосон билээ.